Сүүлийн үеийн шинэ баячууд, хөрөнгөтний эгнээнд пасторууд (лам) олноор орж ирэх болжээ. Ялангуяа энэ талаар Нигер улс тэргүүлэх болсныг Форбес сэтгүүл онцоллоо. Нигерт 7 пастор ихээхэн хөрөнгөжиж, бусад улс орноо хошуучилж эхэлсэн байна. Тэдний хөрөнгө 10 сая ам.доллараас тэрбум долларын хэмжээнд хэлбэлзэж байна. Тэдний нэг бол Нигер улсын пастор Хрис Окотие юм байна.
Түүний сүм нь Нигер улсыг чимдэг, өөрөө 5000 мөргөгч дагуулуудтай гэнэ. Зүгээр ч шашны мөргөлөө хийгээд зогсохгүй, улс төрд ч сонирхолтойгоо илэрхийлж, улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд 3 удаа өрсөлдсөн байна. Анх 80-аад оны тэртээ "Надад нуруугаа үзүүлээч" гэх дууг дуулж гарч ирсэн тэрбээр хожмоо пастор болсон түүхтэйг Форбес дурджээ. Тэр тансаг эдлэл хэрэглэлд нугасгүй. Тэрбээр Мерседес G600, Rolls Royce, Porsche зэрэг хамгийн өндөр үнэтэй машин тэргээр гоёдог байна. Алт мөнгө, бриллиантан гоёлд нь хязгаар үгүй. Тэр мөргөлийн сүмээрээ дамжуулан өөрийн ноёрхол, өөрийн вант улсыг Нигер улсад нэгэнт тогтоожээ.
Гэтэл Нигерийн ард түмэн хамгийн ядуу зүдүү амьдарч байдаг. Түүнийг ард иргэдийн, мөргөлчдийн сэтгэл зүйгээр тоглож хөрөнгөжсөн гэж орон нутгийн хэвлэл бичиж байна. Ийм нэгэн зөрчилтэй пастор ядуу ард иргэдийнхээ дэргэдүүр Porsche хөлөглөж, суурин дээгүүр нь хувийн Jet онгоцоороо нисэж явна. Ард түмнийхээ зовлонг хуваалцан нимгэлж, тэдэнтэйгээ хамт байх учиртай пастор Хрис Окотие монголын улс төрчидтэй ижил ард түмнээсээ тасарч, баяжин хөлжжээ. Одоо түүнд ерөнхийлөгчийн суудалд заларч, улсынхаа хаан болох мөрөөдөл л үлджээ.
Ц.БАТТУЯА