УИХ-ын тухай хуулийн 6.9.1-т “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн гэх нэр зүүсэн л бол хэн ч халдашгүй "дархан эрх" эдэлж байсан хэрэг.
Харин өмгөөлөгч Б.Мэргэн нарын хүмүүс ҮХЦ-д гомдол гаргаснаар тэдний гомдлыг ҮХЦ өчигдөр хэлэлцээд уг хуулийн заалтыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм.
Ингэснээр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас гарсан уг шийдвэрийг Байнгын хороо болон УИХ-аар дахин хэлэлцэх шаардлагагүй болж байна. Учир нь ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны дүн эцсийнх байх бөгөөд ҮХЦ уг шийдвэрээ бичгээр гаргаад УИХ-д хүргүүлж танилцуулах юм.
Нэг үгээр, УИХ-ын гишүүн гэсэн нэрээр бүхнээс халхлагдан үлддэг байсан тэдний "даварсан эрх" бага ч болов хязгаарлагдаж байна.
Өмнө нь гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсан тохиолдлоос бусдаар халдашгүй бүрэн эрхтэй гэсэн хязгаар тогтоосон байсан бол одоо Ерөнхий прокуророос УИХ-д санал оруулах эрх нь нээгдэж байна. Прокуророос "энгийн иргэн шиг шалгадаг баймаар байна", ингэхийн тулд "бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах хүсэлтэй байна" гэдэг саналаа оруулах боломжтой болж байгаа юм.
Мөн өмнө нь УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой энэхүү заалтыг цэцээс хүчингүй болгож байсан ч УИХ бага зэргийн өөрчлөлт оруулаад жил гаруйн дараа дахин сэргээсэн түүхтэй юм. Тиймээс энэ удаад өмгөөлөгч Б.Мэргэн нар "агуулгаар нь өөрчлсөн уг заалтыг хүчингүй болгож өгнө үү" гэх хүсэлт гарган ийнхүү ялалт байгуулсан байна.
С.ШҮРЭНЧИМЭГ