МОНГОЛБАНК ОЛОН УЛСЫН ТӨВ БАНКНЫ ЖИШИГТ ХҮРЭХЭЭР ШИНЭЧЛЭЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ

2018-01-07  

Монголбанкны 2017 оны онцлох 17 үйл явдлын товчоон

1. Эдийн засгийн уналтаас өсөлтөд шилжих Төрийн  мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, инфляцийг тогтворжуулах зорилтыг хангах нөхцөл бүрдлээ.

Монголбанк Засгийн газартай хамтран “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” хэрэгжүүлснээр өнгөрсөн оны 3 дугаар улирлын байдлаар -1.4 хувийн уналттай, -0.8 хувийн дефляцитай, богино хугацаанд төлөх гадаад, дотоод төлбөрийн үүргүүдтэй хүндэрсэн эдийн засгийг бодлогын зөв шийдвэр, шийдэмгий алхамуудын үр дүнд 2017 оны 11 дүгээр сарын байдлаар  5.8 хувиар өсөлттэй, зорилтот төвшний хэмжээнд буюу 6.5 хувийн инфляцитай, ойрын хугацааны өрийн дарамтгүй эдийн засаг болгон сайжруулж цаашдаа тогтвортой өсөлтийг бий болгох суурь нөхцөлүүдийг бүрдүүлээд байна. Урт хугацааг харсан төсөв, мөнгөний бодлого, уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн хөтөлбөрийн  нөлөөгөөр эдийн засгийн төлөв сайжирч байгаа хэдий ч ажилгүйдэл өндөр хэвээр, шинээр олгож буй зээл ажлын байр шинээр бий болгоход бус, өрхийн хэрэглээг санхүүжүүлэхэд чиглэгдсэн хэвээр байна. Иймд 2017 онд Монголбанкнаас мөнгөний бодлогыг зөөлрүүлж, бизнесийн салбарыг дэмжих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлд шат дараатай бодлогын шийдвэр, арга хэмжээ авч 6 дугаар сард бодлогын хүүг 2 нэгж хувиар, 12 дугаар сард 1 нэгж хувиар бууруулж, 11.0 хувьд хүргэв. Мөн бодлогын хүүний коридорыг тэгш хэмтэйгээр тогтоолоо. Энэхүү шийдвэрүүд нь инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн өсөлт, идэвхжил, ажил эрхлэлт, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх юм.

2. ОУВС-ийн дэмжлэгтэйгээр эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах Засгийн газрын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монголбанк дэмжин хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Монгол Улс 2017 оны 5 дугаарын сарын 24-нд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавихаар 2017-2020 онд баримтлах макро эдийн засгийн цогц бодлогыг тодорхойлж, ил тод нээлттэй хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголбанк Засгийн газрыг дэмжин ажиллаж, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, олон улсын зах зээлээс мөнгөн хөрөнгө татахад хамтран ажиллалаа.  Хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон донор орнуудаас нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт шийдэгдэхээр болж, хөтөлбөрийн нэг, хоёр дахь шатыг амжилттай хэрэгжүүлснээр нийт 700 гаруй сая ам.долларын санхүүжилтийг авсан нь эдийн засагт тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг болж байна.  

3. Хугацаа нь тулсан Хөгжлийн банкны бондыг богино хугацаанд шийдвэрлэж, Засгийн газрын бондоор сольсноор Монгол Улсыг дампуурал зарлахаас сэргийлэх арга хэмжээг Засгийн газартай хамтран авлаа.

Монгол Улсын Засгийн газар 2017 оны 3 дугаар сард олон улсын зах зээл дээр 600 сая ам.долларын “Хуралдай” бонд гаргалаа. Тус бондын 82 хувь буюу 476 сая ам.долларыг Хөгжлийн банкны Евро бондын эзэмшигчдэд сольж өгсөн бол үлдсэн 18 хувь буюу 124 сая ам.долларыг хөрөнгө оруулагчдад 7 жилийн хугацаатай 8.75 хувийн хүүтэйгээр арилжаалав. Ингэснээр Засгийн газар Монгол Улсын Гадаад валютын нөөцөөс нэг ч ам.доллар гарздахгүйгээр Хөгжлийн банкны 580 сая ам.долларын хугацаа нь тулсан өр төлбөрийг шийдэж, Монгол Улсыг дефолтод орох  эрсдэлээс хамгааллаа. Хэрэв энэхүү өрийг төлж чадахгүй Монгол улс дефолтод орсон бол ирэх 5-10 жилдээ хувийн сектортоо гадаадын хөрөнгө оруулалт, хөгжлийн хөтөлбөр, санхүүжилтгүй, дотогшлох мөнгөний урсгалгүй, эдийн засгийн сэргэлт, өсөлтгүй болсон зарим нэг орны гашуун туршлагыг давтахаар байлаа.  

4. Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацааг гурван жилээр сунгаж төлбөрийг хойшлуулснаар дунд хугацаанд дарамт багатай шийдвэрлэх боломжийг бүрдүүллээ.

Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд  хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулсан 15 тэрбум юань бүхий 5.4 их наяд төгрөгийн своп хэлцлийн гэрээг  2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шинэчлэн хугацааг хугацааг 3 жилээр сунган баталлаа. Энэхүү своп хэлцлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаснаар хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд тодорхой ахиц алхам болоод зогсохгүй, цаашдаа хэмжээг нэмэгдүүлэх, нөхцөлийг сайжруулах олон боломжуудыг бий болгосон.  

5. Европын Төв банкнаас гаргасан аргачлалын дагуу банкны системд активын чанарын иж бүрэн үнэлгээг анх удаа хийснээр, эрсдлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бүрдүүлэв.

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын банкны системийн “эрүүл мэндийг оношлох”, зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор арилжааны банкуудад анх удаа активын чанарын үнэлгээг хийв. Монголбанкнаас олон улсад нээлттэй тендер зарлан PwC олон улсын аудитын компанийн Чех улсын салбар сонгон шалгаруулж, банкуудын активын чанарын үнэлгээг хийж гүйцэтгүүллээ. Банкны системийн активын чанарын үнэлгээг олон улсын үнэлгээ стандарт болон Европын Төв банкнаас тогтоосон аргачлалын дагуу хийлгэснээр Монголын банк санхүүгийн салбар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах суурь нөхцөл бүрдэх юм. Энэхүү үнэлгээний үр дүнд банкууд өөрийн активыг зохистой үнэлэн, эргэн төлөлтийн доголдолтой активаас үүсэж болзошгүй алдагдлыг даах хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй байлгахад чиглэсэн арга хэмжээ авах боломжтой болно.

6. Ойрын хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж байсан өрийг хаах, шинэ эх үүсвэрийг Олон Улсын зах зээлээс хүү бага,  хугацаа урт эх үүсвэрийг амжилттай татахад Засгийн газар Монголбанк хамтран ажиллав.

Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах хэлэлцээрийг амжилттай хийснээр 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг Монголбанк Засгийн газартай хамтран олон улсын санхүүгийн зах зээлээс татлаа. Энэхүү бондын хүү Засгийн газрын өмнө нь гаргаж байсан “ДимСам” /7.5% хүү, 3 жил/, “Мазаалай” /10.8% хүү, 5 жил/ зэрэг бондуудын хүүнээс харьцангуй бага хүүтэй, урт хугацаатай гарснаараа онцлог бөгөөд бондын санхүүжилт 2018 онд төлөгдөх Чингис болон ДимСам бондуудын эргэн төлөлтийг хийхэд зарцуулагдана. Ийнхүү 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон ДимСам бондын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улсад 2020 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дарамтаас аядуухан гарах нөхцөл бүрдэв.

7. Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр батлуулж, Монгол Улсыг саарал жагсаалтад

орохоос сэргийлэв.

ФАТФ-ын  Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас хийсэн  харилцан үнэлгээний тайлангийн үр дүнгээр Монгол Улсыг 2018 оны 10 дугаар сараас өмнө хууль, эрх зүйн орчноо ФАТФ-ын стандарт, зөвлөмжтэй нийцүүлэх үүргийг Монгол Улсад өгснөөр саарал жагсаалтад шууд орохоос сэргийлж чадлаа. Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба (СМА)-наас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг  боловсруулж, Монгол Улсын Ерөнхий сайдын  захирамжийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан  Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл байгуулав. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Мөнгө угаахтай тэмцэх зарим арга хэмжээний тухай” 19/15 дугаар зөвлөмж гаргасны дагуу ФАТФ-ын зөвлөмжүүдийг төрийн бүх шатны байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, Засгийн газраас “Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үр дүнг сайжруулах ажлын төлөвлөгөө”-г 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр батлууллаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд төрийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж эхлэв.

8. Харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны системийг эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд хууль эрх зүйн орчныг сайжруулахаар “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг баталж, 11 багц хуулийн төсөл шинэчлэн боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бүрдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үр дүнг бэхжүүлэх чиглэлийн хүрээнд банкны салбарын гол хуулиудыг шинэчлэх зорилт бүхий хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан хуулийн төслүүдээс Үндэсний төлбөрийн системийн тухайн хуулийг УИХ-аар батлуулан 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөхөөр боллоо. Мөн Монголбанкны бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгоор Төв банк (Монголбанк)-ны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, банкны зохистой засаглалыг бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тогтворжуулах, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг оролцооны арга хэмжээг тусгасан Банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг тус тус УИХ-аар хэлэлцүүлж байна. Үүний дараа Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай, Активын удирдлагын тухай хуулийн төсөл, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Валютын зохицуулалтын тухай, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай болон Векселийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо.

9. Валютын захын дэд бүтцийг хөгжүүлж, банк хоорондын цахим арилжааг нэвтрүүлснээр валютын захын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүллээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ”-г авч ажиллахаар заасны дагуу Монголбанкнаас “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр амжилттай нэвтрүүллээ. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзэлд эдийн засгийн хүчин зүйлсээс гадна санхүүгийн захын дэд бүтэц, тэр дундаа валютын захын дэд бүтэц, түүний нэгдмэл бус байдал сөргөөр нөлөөлж байсныг  ийнхүү шийдвэрлэж чадлаа. Ингэснээр 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 300.0 орчим сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний ам.доллар болон юанийн арилжааг банкууд хоорондоо цахим талбараар хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. Энэхүү цахим арилжааны талбарт арилжааны банкуудаас гадна  иргэд, аж ахуйн нэгжүүд, Банк бус санхүүгийн байгууллагууд харилцагч банкаараа дамжуулан оролцох бүрэн боломжтой ба гадаад валютын арилжаанд идэвхтэй оролцдог дотоодын экспортлогч, импортлогч байгууллагууд талархан хүлээн авч байна.

10. Гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 3 дахин өсч, 20 тонн алт худалдан авснаар Монгол төгрөгийн тогтвортой байдлыг баталгаажуулав.

Гадаад валютын улсын нөөц 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 3 дахин өслөө. Нөөц ийнхүү нэмэгдэхэд нэгдүгээрт Монголбанк алт, мөнгө худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлснээр нийт худалдан авсан алт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 20.0 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь Монголбанкны сүүлийн жилүүдэд худалсан алтны түүхэн дээд хэмжээ аж. Хоёрдугаарт,  Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай” бонд болон “Гэрэгэ” бондыг амжилттай гаргасан бол гуравдугаарт, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС болон донор орнуудаас 700 сая гаруй ам.долларын санхүүжилт орж ирсэн, дөрөвдүгээрт,гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээснээр хувийн секторт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөлөв. Түүнчлэн Монголбанкинд тушаасан алтны биет хэмжээний өсөлтөөс гадна дэлхийн зах зээл дээрх алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь алтны орлого нэмэгдэх, цаашилбал нөөц өсөхөд эерэг нөлөө үзүүллээ.

11. Эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарах бодлого, шийдвэрийн нөлөө, үр дүнд Монголбанк сүүлийн 5 жилд анх удаа алдагдалгүй ажиллалаа.

Мөнгөний бодлого, валютын ханш, дотоод, гадаад сектор, гэрээ, хэлцлийн хүрээнд Монголбанкнаас шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд мөнгө, санхүү, эдийн засгийн зарим голлох үзүүлэлтүүд өссөний зэрэгцээ өмнөх 2012-2016 онуудад хуримтлагдсан Монголбанкны нийт алдагдлыг нэмэгдүүлэлгүйгээр 2017 онд Монголбанк үйл ажиллагааны алдагдалгүй ажиллалаа. Цаашдаа Монголбанк үйл ажиллагаанаас олох ашгаараа хуримтлагдсан алдагдлыг хааж, Төв банкны бие даасан хараат бус байдлыг сэргээхэд дэмжлэг болон ажиллана.

12. Үйл ажиллагааны шинэчлэлтэд зорьсон дунд хугацааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн нь олон улсын жишигт нийцсэн Төв банкийг төлөвшүүлэх түүхэн ажил болж байна.

Монголбанкны үйл ажиллагаанд тулгамдаж буй болон цаашид өөрчлөх, шинээр нэвтрүүлэх ажлуудыг тодорхойлон дунд хугацаа /2017-2019 он/-нд баримтлах “Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөр нь хууль, эрх зүйн орчныг сайжруулах,  засаглал, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, дэвшилтэт технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн үндсэн таван чиглэлд төвлөрч байна. Энэхүү бодлогын зорилт нь Монголбанкны хувьд анх удаа авч хэрэгжүүлж буй стратегийн ач холбогдол бүхий олон улсын Төв банкуудтай хөл зэрэгцэн очих  томоохон алхам болж байна.

13.  Хөрш орны Төв банкуудтай хамтын ажиллагаагаа цоо шинэ шатанд авчрах ажлыг амжилттай эхлүүллээ

Монголбанк эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хоёр хөршийн Төв банкуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тусгайлсан дугуй ширээний уулзалтуудыг 06, 07 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.  Уулзалтын үеэр хоёр орны, эдийн засаг, худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн яриа хэлцлүүд хийгдлээ. БНХАУ-тай хоёр улсын мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцлийн үр дүн, БНХАУ-ын макро эдийн засгийн нөхцөл байдал болон “Бүс зам” санаачлагын талаар, ОХУ-тай “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл” байгуулах асуудлаар, Банк хоорондын хил дамнасан төлбөр тооцооны системийг хөгжүүлэх, ОХУ-ын хилийн ойролцоох арилжааны банкуудаас бэлэн рубль импортлох боломжийг Монголын банкуудад олгох тухай асуудлаар тус тус байр сууриа илэрхийлж, харилцан хэрэгжүүлэх шатанд анхаарлаа хандуулахаар санал солилцлоо.

14. Монголбанкны бодлого, үйл ажиллагааг ил тод нээлттэй болгож, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, нийтийг хамарсан шат дараатай ажлуудыг хийж, хэрэгжүүлэв.

Мөнгөний бодлогын талаарх олон нийтийн ойлголт, ил тод байдлаа нэмэгдүүлэхэд анхаарч ажилласнаар Монголбанк нь өөрийн нэрийн мэдээллийн бүтээгдэхүүнүүдтэй боллоо. Үүнд мөнгөний бодлого, эдийн засгийн мэдээллийг энгийнээр тайлбарласан сар тутмын “Монголбанкны мэдээлэл” товхимол, улирал тутам гардаг онол арга зүй, судалгааны “Мөнгө-Баялаг-Санхүү” сэтгүүлийг тус тус эрхлэн гаргаж, уншигчдын гарт хүргэв. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цаг үе, үйл ажиллагааны талаар мэдээллийг цаг тухайд нь хүргэж,  Bloomberg, Eagle телевизүүдээр 14 хоног тутамд гарах нэвтрүүлгүүдийг бэлтгэж өөрийн анхдагч эх сурвалжаар үзэгчдийн анхааралд хүргэдэг боллоо. Мөн www.mongolbank.mnвеб хуудсыг 2017 онд шинэчлэн сайжруулж, “Монголбанк” болон “Төсөвчин” апликейшнүүдийг гар утасны iOS болон андройд үйлдлийн системүүд дээр гаргасан.

Төв банкны бодлого үйл ажиллагааг нийгэмд таниулах, мэдлэг мэдээллээр бүрэн хангахаар зорьж,  тус бүр гурван сарын хугацаатай зорилтод аянуудыг зохион байгуулсан нь өндөр үр дүнд хүрлээ. Тухайлбал, “Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээ” аянаар Монголбанкинд ирэх муу мөнгөн тэмдэгтийн тоо багассан, “Монгол алт” аянаар Монголбанкны алт худалдан авалт нэмэгдэж түүхэн үзүүлэлт болох 20.0 тоннд хүрсэн, “Санхүүгийн боловсрол” аянаар иргэдийн санхүүгийн боловсрол нэмэгдэж, хуримтлалын ач холбогдлыг ойлгосон.

15. Монголбанкны судалгааны ажлууд бүхэлдээ эдийн засгийн өмнө тулгарсан сорилтуудыг даван туулахад чиглэгдэв.

Макро эдийн засгийн төсөөлөл, бодлогын шинжилгээний системийг цогц байдлаар хөгжүүлж, холбогдох загварчлалуудыг боловсронгуй болгосны дээр судалгаа, шинжилгээг эдийн засгийн өмнө тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх бодлогын хувилбаруудыг боловсруулахад чиглүүлэв. Тухайлбал, макро үзүүлэлтүүдийн богино хугацааны төсөөлөлд ашиглагддаг загваруудын алдааны шинжилгээг хийж, шинэчлэн сайжруулснаар төсөөллийн алдаа буурч, бодит өгөгдлийг тайлбарлах чадамж сайжрав. Богино хугацааны төсөөлөл гүйцэтгэх том хэмжээний тоон өгөгдөл ашиглах, хүчин зүйлсийн орчин үеийн төсөөлөл гаргах загварууд (FAVAR, 3PRF, MIDAS)-ыг шинээр нэвтрүүлэн ашиглаж эхлээд байна. Үүний зэрэгцээ инфляцийн талаарх иргэдийн болон аж ахуй нэгжүүдийн хүлээлтийн түүвэр судалгааг Дэлхийн банкны “CAPI” системд суурилан хийдэг болов.

16. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах, сөрөг болон “тогтвортой” төлөвтэй байсан үнэлгээг дээшлүүлэн “эерэг” төлөвт өсгөн хувийн секторт гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэв. 

ОУВС-гийн Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон талт болон хоёр талт санхүүгийн эх үүсвэр татах нөхцөл бүрдсэнтэй холбогдуулан Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 11 дүгээр сарын 17-ны өдөр зэрэглэлийг “В-” хэвээр, төлөвийг “Тогтвортой”-оос “Эерэг” болгон сайжруулан үнэллээ. Зээлжих зэрэглэлийн төлөв нь зэрэглэлийн цаашдын хандлагыг илтгэдэг бөгөөд “эерэг” төлөв нь зэрэглэл цаашид сайжрах боломжтойг илтгэж байна. Зээлжих зэрэглэлийн агентлагууд Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд эрсдэл, сорилттой тулгарч буй боловч ирэх жилүүдэд ОУВС-гийн хөтөлбөр болон уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг сэргэх, улсын төсөв, гадаад төлбөрийн чадвар огцом сайжрах хүлээлттэй байгаа тул Монгол Улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн төлөвийг эерэгээр үнэлсэн хэвээр байна.

17. 2017 оныг Монголбанкны орон нутгийн хэлтэс, салбарыг бэхжүүлэх жил болгон зарласнаар 21 аймаг, 4 бүсэд ажиллаж, мөнгөний бодлогыг хөдөө, орон нутгийн иргэдэд сурталчилдаг боллоо  

Монголбанк 2017 оныг орон нутаг дахь хэлтэс, салбарыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах жил болгон зарлаж, бүсчилсэн болон хэсэгчилсэн сургалтуудыг зохион байгууллаа. Энэ хүрээнд “Монголбанкны удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг бүс нутаг бүрт хийж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан удирдлагууд оролцов. Мөн жилийн хүрээнд орон нутгийн иргэд, дунд сургуулийн сурагчид, орон нутаг дахь төрийн байгууллагууд болон арилжааны банкуудын салбарын ажилтнуудад зориулсан сургалт, уулзалтуудыг зохион байгуулж, эх орны 21 аймагт хүрч, ажиллалаа.  Үүгээр Монголбанк анх удаа орон нутагт чиглэсэн үйл ажиллагаа явуулаад зогсохгүй нийслэлийн 6 дүүргийн ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын сурагч, оюутнуудад Төв банкны үйл ажиллагаа, Төрийн мөнгөний бодлогын тухай сургалт, уулзалтуудыг зохион байгуулсан ба цаашид уламжлалт ажил болгохоор зорьж байна.

Монголбанк

Олон Нийтийн Боловсрол, Мэдээллийн Төв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?