Тагнуул, Цагдаа, АТГ-т олон нийт сүүлийн жилүүдэд таагүй хандах болсон. Дарга нар нь улс төрийн захиалгаар ажиллах болсон нь эдгээр байгууллагын нэр хүндийг унагасан хэрэг.
Тиймээс нөхцөл байдлыг ашиглан иргэдийн шахалт нэрийн дор эдгээр байгууллагын удирдлагыг өөрийн "чих зөөлөнтэй" хүнээр солих сонирхол улс төрчдөд байсаар байна. Харин уг сонирхлоо хэрхэн гүйцэлдүүлэх учраа хайж эрэлхийлж байгаа бололтой. Ямар ч байсан "засаг" солигдохтой зэрэгцэн Цагдаагийн даргыг өөрчилж дөнгөсөн. Ө.Энхтөртэй ( ЦЕГ-ын дарга асан) урьдчилан тохирч ижил төстэй албан тушаалд томилсон учир ямар нэгэн хэл ам дагалдаагүй.
Энэ арга мэхээ ч Тагнуул дээр ашигласан. Б.Хурцыг Солонгос улсад суух бүрэн эрхт элчин сайдаар томилохыг Засгийн газар санал болгож УИХ хэлтэй, амтай дэмжсэн ч ерөнхийлөгч эцсийн шийдвэрт хараахан гарын үсгээ зураагүй. Гэсэн ч түүнийг албан тушаалаасаа сайн дураараа татгалзсан өргөдөл гаргуулж дөнгөсөн учир зорилгоо биелүүлсэн гэж хэлж болох.
Одоо харин АТГ үлдсэн. Уул нь өмнөх УИХ ухаан зарж, нөхцөл байдлыг сайтар дэнсэлж, нэг хүний мэдэлд оруулчихгүйн тулд ТЕГ, АТГ -ыг хараат бус статустай болгож, дарга нарыг нь хуулиар хамгаалж өгсөн учиртай. Энэ нь ч тусгай албаны хоёр байгууллагын онцгой үүрэг даалгаварын онцлогтой ч нягт уялдаа холбоотой. Энэ хоёр байгууллагын нуруун дээр улс үндэстэний аюулгүй байдал оршин тогтнодог. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор энэ хоёр байгууллагыг бий болгосон гэдгийг учир мэдэх нэгэн надаар хэлүүлэх юун. Энэ хоёр байгууллагын даргыг хэн ч оролдох эрхгүй. 6 жилээр бүрэн эрхийг нь дархалж, хоёрхон үндэслэлээр л ажлаас чөлөөлөх тухай заалтыг хуульчилж өгсөн байдаг.
Эхнийх нь, өвчний улмаас, хоёрдахь нь өөрөө халагдах хүсэлт гаргах. Энэ хоёр тохиолдлоос өөр нөхцөлд ТЕГ болон АТГ-ын даргыг хөдөлгөх эрх хэнд ч байхгүй. Ийм л халдашгүй дархан эрхтэй. Дарга нарынхаа халдашгүй дархан эрх бүхий энэ хаалт, дээвэр дор ажилтнууд нь ч гэсэн ажлаа тогтвортой хийх боломж бүрддэг.
Гэвч өнөөдрийн байдлаар УИХ-ын зарим гишүүд,бүр гишүүн бусчууд тэр дундаа АТГ-ын ОНЗ-ийн дарга Г.Баасан "эгч" АТГ-т туслах үүргээ умартан, байгууллагын дотоод ажилд оролцох, дарга нарыг нь "муухай харагдуулах" гэж чармайж байгаа нь хэн нэгэн улс төрчийн турхираас мэт харагдах болов.
Эндээс нэг л зүйлийг анхаарах ёстой! Улс оронд үймээн самуун дэгдээхийн бэлтгэл ажил нь Цагдаа, Тагнуул, АТГ-ын дарга, тэдгээр байгууллагын бие бүрэлдэхүүнийг сольсноор эхэлдэг гашуун туршлага бий. Ийм зүйл Грузин, Киргиз, Украйн зэрэг европын орон түүнчлэн Арабын ертөнцөд "ид шидээ" үзүүлсэн. Нэг л технологиор өрнөсөн байдаг.
Хувьсал хийсэн цөөхөн жилийн хугацаанд Украйн улс газар нутгийнхаа ихээхэн хэсгийг алдах дээрээ тулжээ. Нэгэн цагт хүчирхэг улсад тооцогдож явсан Украйны жирийн ард иргэд нь туйлдаж, улс орон нь өрөнд баригдахыг дэлхий нийтээр харлаа. Арабын ертөнц эх нутгаа хаяж европ тив рүү нүүдэллэсэн. Гаднын турхиралтанд автбал ийм зүйл Монголд ч нүүрлэхийг үгүйсгэхгүй. Монголд ч гэсэн энэ хавар жагсаал, цуглаан, үймээн дэгдэх тухай амтай бүхэн нь ярьж байна.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Цагаан сарын дараа ард иргэдийн хамт цуглаан, жагсаал, өлсгөлөн зарлахад бэлэн" гэдгээ Тв5 телевизийн эфирээр зарлав. Ер нь ч иргэдийн уулзалт, цуглаан бүр дээр УИХ-ыг тараая. Оффшорчид, улсын хөрөнгийг шамшигдуулсан улс төрчдөд хариуцлага тооцох тухай л ярьж хөөрч байна. Муу дээрээ муу, муухай дээр улцан гэгчээр Петровис, Шунхлай, Магнай трайд, Тэс зэрэг ШТС-ууд нь нөөцөлсөн шатахуунаа ч худалдахгүй ард иргэдийг чирэгдүүлж, нийгмийн бухимдлыг дээд цэгт хөөрөгдөж байна. Ийм бужигнаантай, доргионтой үед АТГ, Тагнуулын байгууллага, бие бүрэлдэхүүнээр оролдох нь галаар наадахтай адил осолтой тоглоом болж байх шиг.
С.ШҮРЭНЧИМЭГ