Шадар сайд Ө.Энхтүвшин өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах асуудлыг зогсоох талаар ярьж байсан ч тэрээр уг шийдвэрээсээ буцсан билээ.
Засгийн газрын хуралдаанаар хоёр ч удаа оруулах гээд хойшуулсан уг асуудлын талаар эрхэм шадар сайдтан
"Өвөл, хаврын морин уралдааныг шууд хорих боломжгүй. Учир нь Монголын морин спорт, уяачдын холбооноос бүс, аймаг, сумдад хурдан морины уралдаан явуулахдаа тодорхой зохион байгуулалтай ажил хийдэг юм байна. Тэр нь хяналтаас гараад явчих магадлалтай гэж үзсэн учраас цаг агаар харж байгаад дулаан өдрүүдэд хурдан морины уралдаанаа зохион байгуулахыг нь зөвшөөрсөн" гэсэн тайлбар өгчээ. Харин өвөл, хаврын уралдааныг хориглохоор эрс шийдэмгий гүйж явсан шадар сайд өнөөдөр "хориглож болохгүй юм байна" хэмээн гүйж байгаа нь ямар учиртай вэ? Энэ асуултанд олон хүн УИХ-ын дарга М.Энхболд хийгээд уяачдын шантааж нөлөөлсөн хэмээн хардаж сууна.
Яагаад гэх асуултын хариулт нь ч тодорхой юм. Учир нь, УИХ-ын дарга М.Энхболд бол шадар сайд Ө.Энхтүвшинтэй нэг фракцийнх. Бүр фракцийнх нь дарга. Тэгээд ч МСУХ-ны ерөнхийлөгч холбооноос нь зохион байгуулдаг гол үйл ажиллагаануудын нэгийг зогсоох гэж байхад юу гэж дуугүй харж суух билээ. Тиймдээ ч Ө.Энхтүвшинг "амаа татах"-ыг сануулсан хэрэг.
Харин үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар "Өвлийн уралдааныг хориглолоо" гэх нүд хуурсан шийдвэр гаргамаар аядаж "хаврын нэртэй өвлийн уралдаанаа" зохион байгуулж, бяцхан үрсийнхээ амиар наадсан зугаацлаа үргэлжлүүлэхээр шийдсэн юм.
Ингэхдээ мөн л нүд хуурсан нэгэн нэмэлт тайлбар оруулж "12-оос дээш насны хүүхдээр морь унуулна" гэжээ. Гэвч 18 нас хүрээгүй, ядаж л 16 нас хүрээгүй л бол тэр хүүхэд. Тэд алив эрсдлийг тооцоолох чадвар сул, бие хэврэг гээд олон асуудал тоочиж болно.
Гэсэн ч Засгийн газар НҮБ, Хүний Эрхийн Үндэсний Комиссоос удаа дараалан өгсөн зөвлөмж, сануулгуудыг ч үл тоон "хаврын нэртэй өвлийн уралдаан"-аа зохион байгуулахаар ийнхүү мунхаглан зүтгэснээр "Дүнжингарав-2018" уралдааныг гуравдугаар сарын 11-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулахаар болжээ. Харин энэ уралдаан хэний эрх ашгийн төлөө болох нь нэгэнт тодорхой бөлгөө.
С.ШҮРЭНЧИМЭГ