Өнгөрсөн 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулсан.
Тухайн айлчлалын үеэр Энэтхэг Улсаас Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд зориулан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм.
Энэтхэгээс олгох нэг тэрбум доллараар Монгол Улсын Засгийн газар газрын тосны үйлдвэр барих шийдвэр гаргасан юм.
Гэхдээ уг зээлийг Энэтхэг улс нэг дор өгөхгүй бөгөөд бүтээн байгуулалтын төслийн хэрэгжилтээс хамааран хэсэгчлэн олгоно гэж Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Т.Суреш Бабу ярьжээ.
Харин Засгийн газар Нефть боловсруулах үйлдвэрээ Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд барих шийдвэр гаргасан бөгөөд энэ оны 2-р улиралд багтаан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Тиймээс Энэтхэгээс олгох зээлийн эхний хэсэг ч мөн 2-р улиралд багтаж орж ирэх бололтой. Хамгийн гол нь хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа зээлийг нь яг төлөвлөсөн ажилдаа зарцуулахыг хүсч байгаагаа Энэтхэгийн элчин сайд илэрхийлжээ.
С.ШҮРЭНЧИМЭГ