Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Тэрээр өдгөөгөөс 125 жилийн өмнө буюу 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Хүүхэд насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн тэрээр бага залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн замд улаа хийж байгаад 1911 оны 12 дугаар сард буюу 19 настайдаа цэрэгт дайчлагдан ирж 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогдож байжээ.
Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан ба 1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан байна. Энэ үеэс тэрбээр Хүрээний нууц бүлгэмд элсэж 1920 оны нэгдүгээр сарын 5-нд гамин цэргийн эрхтнүүд монгол цэргийг татан буулгасны дараагаар Хужирбулангаас Нийслэл Хүрээнд ирж бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болжээ.
Д.Сүхбаатар 1920 онд ЗОУ-аас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүн буюу бидний түүхэнд тэмдэглэн үлдээснээр "анхны долоо"-ийн нэг болж, Эрхүү хотод дөрвөн сар орчим ажиллахдаа Сибирийн тавдугаар армийн газар цэргийн сургуулилт хийж байжээ.
1921 оны хоёрдугаар сараас Ардын Журам Цэрэг элсүүлэх ажлыг удирдсан бөгөөд 1921 оны гуравдугаар сарын 6-нд АЖЦ-ийн штабыг байгуулахад Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилсон байдаг.
Тэрбээр 1921 оны гуравдугаар сарын 24-нөөс 1922 оны 12 дугаар сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны дөрөвдүгээр сарын 10-наас 1923 оны хоёрдугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны хоёрдугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.
Д.Сүхбаатар 1921 онд ЗОУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны есдүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм.
1923 оны хоёрдугаар сарын 20-ны наран мандах үед Монгол улсын анхны зоригт баатар 30-хан насандаа хорвоог орхисон байна.
Ардын хувьсгалыг зэвсэгт тэмцлээр ялалтад хүргэхэд цэргийн эрдэмд гарамгай суралцсан, байлдааны арга техникийг чадварлаг эзэмшсэн хүн Сүхбаатараас өөр байгаагүй гэж судлаачид үздэг байна. Тэрээр 1921 оны Ардын буюу үндэсний хувьсгалыг ялалтад хүргэснээрээ шинэ маягийн Ардын засгийн газрыг байгуулж, Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан онцгой гавьяатай хүн билээ.