Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29-р зүйлд зааснаар Монголд цагаачлан амьдрах оршин суугчдын тоо нийт хүн амын 0.5 хувиас дээшгүй байх заалттай.
Харин манай улсад цагаачлах иргэдийн тоог УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд тогтоодог байна. Тиймээс 2018-2020 онд жилд 100 хүртэлх цагаач иргэн авах саналыг өнөөдөр дэмжиж баталжээ.
Гэвч цөөн хүн амтай манайх шиг улс жилд 100 цагаач иргэн хүлээж авах нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж зарим судлаачид, олон нийтийн зүгээс шүүмжилж байгаа юм.
Гадаад харилцааны яамныхны өгсөн мэдээллээр,
Өнөөдрийн байдлаар манай улсад 119 орны 20717 иргэн байгаагаас 1959 нь 15 орны цагаач иргэд аж.
Нийт цагаач иргэдийн 1250 буюу 63 хувь нь БНХАУ, 644 буюу 32.8 хувь нь ОХУ, 65 буюу 3.3 хувь нь бусад 13 орны иргэн юм байна.
Цагаач иргэд монгол иргэнтэй гэр бүл болсон нөхцөлд багагүй хөнгөлөлт эдэлдэг аж. Тухайлбал, жил бүр оршин суух төлбөрөөс чөлөөлөгдөхөөс гадна ажил хийх боломж олгодог байна.
С.ШҮРЭНЧИМЭГ