ШИНЭ ХУВЬЦААГ БҮРТГЭЖ АРИЛЖААЛАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2018-02-08  

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж 20 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн  байна.

Нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй “Лэндмн ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг бүртгэхээр болжээ. Үүнээс 12.5 хувийг нь буюу 100 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон, мөн 12.5 хувь буюу 100 сая ширхэгийг тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад тус бүрийг нь 25 төгрөгийн тогтоосон үнээр худалдахыг зөвшөөрлөө. Тус компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар олон нийт болон тодорхойлсон хөрөнгө оруулагчдад хувьцаа арилжаалж нийт 5.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг өөрийн үндсэн бүтээгдэхүүн болох хэрэглээний зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах юм. Хороо худалдаалах хувьцааны 80-аас дээш хувийг арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон тооцох, худалдагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэж,  арилжааг амжилттай зохион байгуулахыг дээрх мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч нарт үүрэг болгосон байна.

Мөн Хорооны хуралдаанаар, 2008 онд зогсоосон “Усжуулах” ХК-ийн хувьцааны арилжааг 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сэргээхээр шийдвэрлэж, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-д тус тус үүрэг болголоо. Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Усжуулах” ХК-ийн нэр бүхий томоохон хувьцаа эзэмшигч нар нийт 394 833 ширхэг хувьцаагаа “Түмэн шувуут” ХХК-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд арилжаа нь зогссон хувьцааг арилжааны бус хэлбэрээр бусдад шилжүүлэх боломжгүй юм байна. Тиймээс зохих шаардлагыг хангуулсны үндсэн дээр хувьцааны арилжааг сэргээжээ.

Хороонд ирүүлбэл зохих тайлан мэдээг дөрвөөс дээш улирлын турш ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийнх нь хүчинтэй хугацаа дуусаад 1-7 улирал өнгөрсөн, зохистой харьцаа, дагаж мөрдөх үзүүлэлтүүдийг хангаагүй, зөрчлүүдийг арилгуулахтай холбоотойгоор Хороноос өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэсэн үндэслэлүүдээр “Гүүд лайф”, “Дөргөн хөгжил”, “Наран хас булаг”, “Мандах хөгжилт”, “Завхан нөхөрлөл”, “Өсөх өндөр” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлснээ мэдэгдлээ.

Түүнчлэн 2015 оноос хойш арилжаанд оролцоогүй, санхүүгийн тайлан мэдээгээ сүүлийн 2-3 улирал ирүүлээгүй "Саяанхаан ХААБ", "Стандарт таваар ХААБ", "Вүүдсоунд ХААБ", "Эрхэм сүрэг ХААБ" ХХК-уудын Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Хуралдаанаар, хадгаламж, зээлийн хоршооны болон даатгалын зуучлагчийн, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг аж ахуйн нэгжид шинээр, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг аж ахуйн нэгжид нэмж олгосон байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?