МАХН-ЫН ИХ ЧУУЛГАНААС УРИАЛГА ГАРГАЛАА

2018-02-10  

МАХН-ын ээлжит II Их чуулган хоёр өдөр амжилттай  үргэлжиллээ. Чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрээс намын анхан шатны нэгжийн 1044 төлөөлөгч оролцож хурлын төгсгөлд Монголын ард түмэнд хандаж уриалга гаргалаа.

Монголын ард түмэндээ хандан гаргасан уриалга

(МАХН-ын II Их чуулганы төлөөлөгчидөөс)

2018 оны 02 сарын 10-ны өдөр. Улаанбаатар хот.

МАХН-ын 21-р зууны 2-р Их чуулганы төлөөлөгчид бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хуран чуулж:

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулан арилгах,

Шударга хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх,

Байгалийн баялгийг тэгш хуваарилах,

Хараат бус шүүхийг буй болгож шударга ёсыг тогтоох,

Хээл хахуулийг таслан зогсоох,

Төр засгийг хариуцлагажуулах,

Монгол хүнийг төр засгийн хамгаалалтанд авах

зэрэг улс орны өмнө нэн тулгамдсан асуудлуудыг нухацтай, нээлттэй авч хэлэлцэв.

Эдгээр асуудлыг нэн даруй цогцоор нь шийдвэрлэхгүй бол ард түмний амьдрал улам уруудан доройтох, улс орны тусгаар тогтнол сулрах, хамгийн гол нь Монгол хүн ирээдүйдээ үл итгэхийн харанхуй нүхэнд хөл алдан унахын аюул занал бодитойгоор нүүрлэнэ гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Улс орон, ард түмнээ энэ хүнд байдлаас гаргах цорын ганц зөв гарц бол:

Төр засгийн бүрэн эрхийг ард түмэндээ эгүүлэн өгөх,

Байгалийн баялгийг ард түмэндээ өгөх,

Залуучуудаа дээд боловсролтой болгон, нарийн мэргэжил эзэмшүүлэх зардлыг төрөөс олгодог болох,

Ахмадуудын эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг болох,

Залуу гэр бүлд орон сууц үнэгүй олгодог тогтолцоог бий болгох,

Шүүгч нарыг ард түмэн сонгосноор хараат бус, шударга шүүхийн тогтолцоог бий болгох,

Ард түмний сонгосон Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж, хариуцлагатай төр засагтай болох,

Монгол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалдаг Хүний эрхийн үндэсний хороотой болох

зэрэг цоо шинэ зохицуулалт бүхий Хүн төвтэй нийгмийг цогцлоон байгуулах зорилготой шинэ Дээд Үндсэн хуулийг ард түмний өргөн хэлэлцүүлгийн үндсэн дээр батлан хэрэгжүүлэх явдал мөн гэж өргөн уудам Монгол Улсынхаа нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрээс ард түмнийхээ итгэлийг тээж ирсэн МАХН-ын 21-р зууны 2-р Их чуулганы төлөөлөгчид бид үзэж байна.

Энэхүү их үйл хэргийг хамтран бүтээхийг ард түмэн, улс орныхоо эрх ашгийг боддог байгууллага, хүн бүрт хандан уриалж байна.

МАХН-ын 21-р зууны 2-р Их чуулганы төлөөлөгчид бид, МАХН-ын гишүүд, дэмжигчид энэхүү их үйл хэргийг бүтээх тэмцэлд манлайлан оролцох болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол хүний сайхан санаа сэтгэлчлэн бүтэх болтугай.

Гайхамшигтай Монгол орон мандтугай.

Сайн үйл дэлгэрэх болтугай.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:МУ-ЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ МАХН-ЫН ДАРГА Н ЭНХБАЯР Т БАЯР ХҮРГЬЁ ! АМЖИЛТ ХҮСЬЁ! МАХН-ЫН 2-Р ИХ ЧУУЛГАН ШУДАРГА ХҮЧТЭЙ САЙХАН БОЛЖ БАЙГААН АРД ТҮМНИЙГ УЛАИ ХҮЧИРХЭГ БОЛГОЖ БАЙНАА АМЖИЛТ ! 2018-02-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?