2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500000 гаруй тээврийн хэрэгслийн 50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй гэсэн судалгаа гарсан байдаг. Гэвч баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэх, улмаар зам тээврийн осол гарах шалтгаануудын нэг болдог байна.
Судалгаагаар, 18:00-00:00 цагуудад гарсан осол нийт ослын дийлэнх хувийг эзэлдэг гэсэн тоон үзүүлэлт ч байдаг.
ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ИХ ГЭРЛИЙН ТУСГАЛЫГ ӨӨРЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Тиймээс монгол улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж зөв тусгалтай болгох шаардлага тулгарч энэ дагуу Автотээврийн үндэсний төвөөс өнөөдрөөс эхлэн буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгалыг өөрчилж эхэллээ.
Энэ ондоо багтаан 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бөгөөд үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон байна. Автомашиныхаа тохиргоог хийлгэсэн иргэд, жолооч нар автомашины салхины шилэн дээр наалт наан. Ингэснээр автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд хяналт тавих юм.
Дээрх тохиргоог хийлгэхэд жолоочоос 1650 төгрөг шаардагдах юм.
С.ШҮРЭНЧИМЭГ