Энэ өвөл Москва хотод хиймэл болон байгалийн мөсөөр хийсэн мөсөн гулгуурын 1400 талбай ажиллаж байгаа юм байна. Мөн 735 километр урь цанын замыг шинээр тавьжээ.
Өвлийн улиралд эрүүл агаарт гарч, спортоор хичээллэн хөдөлгөөнтэй амьдрах хүсэлтэй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас Москва хотын захиргаа ихээхэн анхаарал тавьж байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцоллоо.
Москва хотын цаг агаарын тогтворгүй байдал нь мөсөн гулгуур болон цанын баазуудыг зохих стандартад байлгахад хүндрэл учруулдаг юм байна. Тухайлбал, энэ жилийн арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сарын эхээр Москва хотод ер бусын дулаан байсан учраас мөсөн гулгуурын мөс болон цанын баазын цас мөсийг хайлуулахгүйн тулд ихээхэн хүч хөдөлмөр зарсан талаар Москва хотын захиргааны албаны зүгээс мэдээллэсэн байна.
Мөнгө төлж очдог цанын баазуудаас гадна нийслэл хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цанын гүйлтийн замыг байгуулсан нь оршин суугчдын сэтгэлд ихээхэн нийцэж байна. Москва хотын Орон сууц болон орчны тохижилт хариуцсан Петр Бирюковын мэдээлснээр энэ жил нийтдээ 735 километр урт цанын 382 зам байгуулсан байна.
Н.ОДГИЙВ