Хар ус нууранд болдог “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. 7 дахь жилдээ зохион байгуулагдсан уг арга хэмжээнд 18 мянга гаруй зочин иржээ.
Бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, давтагдашгүй өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой уг наадам хотон шувууг хамгаалах тэмцлээс эхэлжээ.
Учир нь түүнийг агнан урт хошуугаар нь хусуур мэтийн эдлэл хийж гангарах болсноос хотон шувуу нэн ховордож улаан номонд ороод байгаа юм.
Долоон зүйлийн хотонгоос монголд байдаг борцгор хотон шувуу нүүдлийнхээ үеэр манаЙ хэд хэдэн нуураар дайрдаг боловч зөвхөн Ховд аймгийн Хар ус нууранд өндөглөдөг байна. Харин жилээс жилд цөөрөх болсон хотон шувууг Ховдчууд хамгаалахаар зориглож Хар ус нуур тойрсон замбараагүй суурьшил, хүн, малын хөдөлгөөнийг зохицуулж, бэлчээрийн зохистой төлөвлөлт хийж, хулгайн анчидтай хатуухан тэмцэж эхэлсэн байна. Ингээд дөрөв, тавхан болоод байсан хотон 80 гаруй болж нэмэгдэн үүндээ урамшсан малчид Хар ус нуурынхаа мөсөн дээр цугларч "Мөнгөлөг шагшуурга" наадмыг хийж эхэлсэн байдаг.
Энэ удаад Ховд аймгийн 17 сумын иргэн, ястан бүр ирж оролцжээ.
Наадмын үеэр “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэл шалгаруулах тэмцээн, “Дээлтэй монгол хүүхэд” уралдаан зэрэг олон тэмцээн, уралдаан боллоо.