Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын энэ сарын 4-ний захирамжаар тус аймгийн Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт малын шилжилт хөдөлгөөн хийх, малын мах бэлтгэх, малын гаралтай сүү, цагаан идээ, түүхий эд бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, худалдан борлуулах, хүн тээврийн хэрэгслээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон байна.
Мөн дээрх сумуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал зөвлөгөөн, морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байна.
Н.ОДГИЙВ