"Ноён уул" буюу Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Гацууртын ордыг ухна, ухуулахгүй гэсэн маргаан хоёр жил дамнан үргэлжилж байгаа билээ.
Өнгөрсөн 7 хоногт буюу 3-рс арын 5-нд "Ноён уулаа аваръя" ТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцлагч АМГТГ болон гуравдагч этгээдээр "Сентерра гоулд" компани оролцсон шүүх хурал болох байсан ч 35 дахь удаагаа хойшилсон юм.
Ноён уул буюу Гацууртын ордод олгосон 4 тусгай зөвшөөрлийг цуцлуухаар "Ноён уулаа аваръя" хөдөлгөөн байгуулж тэмцэж эхэлснээс хойш 2 жил үргэлжилж байгаа юм.
Уг нь 2016 онд анхан шатны шүүхээс "Сентерра гоулд"-ын зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байсан ч хариуцагч тал давж заалдсанаар анхан шатны шүүх рүү буцаад байгаа юм. Түүнээс хойш шүүх хурал удаа дараа хойшилсоор 35 дахь удаагийн шүүх хуралтайгаа золгоод байсан билээ.
Харин 35 дахь удаагийн шүүх хурал мөн л хойшилсон бөгөөд шалтгаан нь хариуцлагч тал буюу АМГТГ-ынхан Канад руу явсан байна. Ингээд шүүх хурлыг 14 хоног хойшлуулж 3-р сарын 16-нд товлосон юм.
Хэргийг эргэн сануулахад:
2016 оны 2-р сард УИХ чуулганаараа Гацууртын ордыг ашиглаж 66 хувийг Канадын "Сентерра гоулд" компани, 34 хувийг Монгол улсын Засгийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан байдаг. Ингэхдээ тус ордоос 70 тонн алт олборлоно гэж тооцолсон юм.
Гэвч "Сентерра гоулд" компанид олгосон 431А, 372А дугаар лицензтэй талбай нь Хүннүгийн үеийн булш бунхан бүхий түүхийн маш үнэт ховор олдворуудтай талбай учир тус талбайг ухуулахгүйн тулд нутгийн иргэд, ТББ-ууд нэгдэн тэмцэж эхэлсэн юм.
Ийнхүү хоёр жил дамнан үргэлжилж байгаа уг хэрэг хэзээ эцэслэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа юм.