ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачевын олон улсын тавцанд үзүүлсэн нөлөө болон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байна. Оросын төрийн тэргүүний илгээсэн мэндчилгээг “Горбачев сан"-гийн цахим хуудаст нийтэлжээ.
Путин мэндчилгээндээ “Манай улсад төдийгүй хилийн чанадад алдартай, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, туршлагатай улс төрч таны олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, боловсрол, буяны төслүүд хэрэгжүүлэхэд оролцох сонирхолтой байгаад гүнээ талархаж байна" хэмээн бичжээ.
Эдүгээ Горбачев 87 нас хүрч буй юм байна. Оросын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Горбачев ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны сүүлчийн нарийн бичгийн дарга (1985-1991), ЗХУ-ын анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч(1990-1991) юм. Тэрбээр 1990 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртэж байсан юм.
Н.ОДГИЙВ