Улс орны эрх ашигт харшилсан шийдвэр гаргасан, түүнд нөлөөлсөн өндөр тушаалтаныг эх орноосоо урвасантай дүйцүүлэн үздэг жишиг бий. Энэ жишиг, хэмжүүрээр хэмжвэл улс орноосоо урвасан улс төрчийн эгнээг С.Баярцогт тэргүүлнэ. Түүний оффшорт байрлуулсан хөрөнгө мөнгө, тэр мөнгийг хаанаас олж, хэрхэн хөрөнгөжсөн байж болох тухай таамаглалыг олон улсын эрэн сурвалжлах багийн сэтгүүлчид анх удаа сөхсөн. Түүний оффшорын асуудал 2013 оноос дуулиан шуугиан тарьж эхэлсэн ч, тухайн үед ЗГХЭГ-ын даргын хувьд бусдад хүчтэй нөлөөлсөн. Хэвлэлийнхний амыг ч тэр үдэж дуугүй болгож асуудлыг нам дарсан. Дараа нь хөрөнгөө нууж, хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг худал мэдүүлсэн асуудал үүсэхэд УИХ-ын дэд даргаасаа огцорч, хариуцлагын шийтгэл амсаж, хохирсон дүр эсгэсэн. Тэгэхэд дансандаа буй 1 сая гаруй ам.долларыг мартсан тухай яригдаж байсныг сануулахад илүүдэхгүй.
Тэр хамтарсан, нам дамнасан бүлгийн нэвтэршгүй хамгаалалт, өндөр албан тушаал, сул олдсон мөнгөөрөө өөрийгөө хамгаалуулж чадаж байсан. Тэгвэл МАНАН бүлэглэл нь сарних явцад өртөж, өөрөө УИХ-ын өндөр сэнтийний ард нуугдаж чадсангүй, сонгуулиар унасан нь цагийн салхины аясыг өөрчилжээ. Одоо түүнд үйлчлэх, түүний талд зогсох нам, хүчин ч олдохоо болилоо. Түүнийг хамгаалж ирсэн АН нь ч дахин нөмөр нөөлөгтөө оруулахгүй гэдгээ илэрхийлж, АН-ын гишүүнээс хөөсөн шийдвэрээ танилцуулав.
Түүнийг хэн өмгөөлөх, олсон мөнгө нь хамгаалж дийлэх үү? гэдэг асуудал үүсч байна. Тэр эрхгүй ил гарч, 8,2 сая ам.долларыг монголын бизнемэнээс авсан гэж тайлбарлалаа. Харин яригдаж буй 8,2 сая ам.доллар РиоТинтогоос биш, Фрийдландаас гарч, монгол бизнесмэнээр дамжсан байх магадлалтай гэж зарим шинжээчид үзэж байна. Тэгвэл энэ нь дахиад Оюутолгойтой холбогдох болно. Нэг хэсэг Баярцогттой хүзүү толгойгоо холбож Фрийдланд бол Оюутолгойн гол тоглогч гэдгийг мэднэ. Тэгэхээр энэ 8,2 сая ам доллар монголын бизнесменийх үү, эсвэл түүнээр халхавчилж Фрийдландаас орж ирсэн мөнгө үү? гэдгийг ч нягталж үзэх ажил хуулийнханд тулгарчээ.
Ц.ЭНХБАТ