Өнөөдөр буюу 4-р сарын 4-нд Төв аймгийн нутаг, Завхан, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд хэсгээр, 5-нд Хэнтий, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв, Дорнодын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Улмаар зам, даваа гүвээ цас шуурганд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна.
Салхи 4 дүгээр сарын 4-нд Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр, 5-нд Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.