Манай иргэдийн дунд нийтлэг нэгэн буруу жишиг байдаг нь 10 жилийн уулзалт. 10 жилийн сургуульд нэг ангид сурч байсан хүүхдүүд 10 жил 20 жилийн дараа нийтээрээ цуглахдаа ууж, идэж, зугаалж наргиад л өнгөрдөг нь бодит үнэн. Сүүлдээ архидалдт нь хэтэрч нэгнээ зодож танхайран, амь насанд нь хүрч байсан гашуун түүхүүд ч бишгүй сонсогддог.
Тэгвэл энэ буруу жишгийг эвдэж архидаж, агсамнахгүйгээр уулзаж бүр бүтээн байгуулалт хийж болдог гэдгийг зарим ангийнхан харуулж байна. Энэ бол Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 10 жилийн сургуулийг 1995 онд төгсөгчид.
Тэд 20 жилийнхээ уулзалтаараа тэнгэрт морилсон найзынхаа ээжид нь байшин барьж өгчээ. Түүгээр ч зогсохгүй төрөлх сургуульдаа талбай байгуулж, соёлын төвдөө иж бүрэн тоног төхөөрөмж бэлэглэж, хүүхдийн барилдаан, хурдан дааганы уралдаан зохион байгуулж, өөрсдөө соёлын төвдөө хоёр цаг 30 минут концерт тоглож өгчээ.
Тэд 1995 онд Их -Уул сумын сургуулийг төгсөгчид юм байна. Тэд мөн ХӨРӨНГӨ МӨНГӨӨР ЯДУУ Ч ХҮН ЧАНАРААР БАЯН АМЬДАРНАА гэсэн уриалгыг гаргаж бусад анги хамт олон уулзалтаа өөрсөд шиг нь үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалжээ.