“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн эвслээс нийгэм дэх янз бүрийн хүмүүсийн ялгаатай байдлыг олон нийтэд таниулах зорилгоор “Нийгмийн ялгаатай байдлыг буулгах нь ...” гэрэл зургийн фото эссе дэлгэлээ.
Уг фото эссенд үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТ буюу бэлгийн цөөнх хүмүүсийг харуулжээ.
Гол санаа “нийгэмд байгаа янз бүрийн хүмүүсийн олон талын ялгаатай байдлыг анхаарч үзсэнээрээ нийгэмд илүү сайн, сайхан байдлыг авчрах боломжтой” гэдэг санааг гаргахыг зорьжээ.
“Бүх нийтийн боловсролын төлөө” эвслээс боловсролын тогтолцоонд судалгаа хийж үзэхэд нийгмийн 5 бүлэг /хөгжлийн брэхшээлтэй, угсаатны цөөнх, бэлгийн цөөнх зэрэг/ далд гадуурхагддаг гэдгийг тогтоожээ.
Тиймээс боловсролын тогтолцоо жендрийн тэгш байдлыг хангахад санаачлагатай байх ёстой юм гэсэн дүгнэлтийг ч хийсэн байна. Энэ дүгнэлт дээр үндэслээд уг үзэсгэлэнг гаргажээ.
Мөн ялгаварлах, гадуурхах, үл тоох байдлыг ч хүүхдүүдэд суулгахгүйн тулд ингэж харуулахыг зорьжээ.
Фото эссе бол тухайн хүний амьдралыг ямар ч зохиомж, тавилтгүйгээр гаргадаг учраас гэрэл зурагчин Д.Давааням өөрөө эрэл хайгуул хийсний үндсэн дээр гол дүрүүдээ сонгож, буулгажээ.