Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хүүхэд хамгаалал” арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байгаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Хүүхэд хамгаалал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион явагдаж буй тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, цагдаагийн хэлтсийн холбогдох алба хаагчид оролцож байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС