Засгийн газрын тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг байгуулсан. Тус төвд сард дунджаар 10 мянга гаруй дуудлага ирж байна. 2017 онд 144869 дуудлага хүлээн авсны 3173 тохиолдлыг аймаг, орон нутгийн ГБХЗХГ, хэлтэс, хамтарсан багт шилжүүлж, 63%-ийг бүрэн шийдвэрлэж, 1392 тохиолдлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.
Тэгвэл цаашид тус төвийн үйлчилгээг өргөжүүлж, олон ажил хийхээр төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, Мобиком корпораци хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.
Санамж бичгийн хүрээнд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн программын 3 дугаар шатны шинэчлэлийг хийж, хүний нөөцийг мэргэшүүлэх, дуудлагын тоог нэмэгдүүлж, онлайн чат, утасны мессэжээр зөвлөгөө, мэдээлэл өгч, хариу үйлчилгээг чанаржуулах юм байна.
С.ШҮРЭНЧИМЭГ