Гэмт хэргийн хохирогч нь шууд утгаараа зөвхөн хүн байдаггүй. Хүмүүс алхаж гишгэх, амьсгалах бүртээ байгальтай харилцаж байдаг. Ингэхдээ хогоо хаяж, хөрсөө шатааж, модоо тайрч, цаашлаад ашигт малтмал олборлох зэргээр байгалийг хохироодог байна.
Үүнийг албаны хэллэгээр “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг” гэдэг. Он гарсаар эхний 5 сарын хугацаанд л гэхэд ийм төрлийн 113 гэмт хэрэг бүртгэгдэж улсад 303 сая төгрөгийн хохирол учирчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 45.1 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг албаны хүн хэлж байгаа юм.
Хууль бусаар ашигт малтмал хайж олборлох буюу олонхын хэлдгээр “нинжа” нар ч энэ төрлийн гэмт хэрэгтэн мөн.
Тухайлбал 2013 онд хууль бусаар ашигт малтмал хайж олборлосон гэх 41 гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ тоо өнгөрсөн оны байдлаар 104 болж өсчээ. Үүний улмаас бэлчээр талхлагдаж, хэдэн зуун га газар сүйдээд байгаа бөгөөд шууд хохирлыг нь малчид, тариаланчид амсдаг.
Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дээрх тоог бууруулахад иргэдийн мэдлэггүй байдал, ухамсаргүй үйлдэл зэрэг нь асуудлыг даамжруулж сөрөг нөлөө үзүүлж байгааг албаныхан хэлж байгаа юм.
О.НАНСАЛМАА