НЭГ: АЗ ЖАРГАЛГҮЙ МОНГОЛ ХҮН
Монгол улс хүний хөгжлийн төлөө хөтөлбөртэй. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт төсвийн 45% нь халамжийн зардалд явдаг болохыг Дархан уул аймгийн жишээнээс харж болох нь. Хүн амын 51,9% нь халамжинд хамрагддаг болохыг судалгаа өгүүлжээ. Дүгнэлт нь ; Монгол хүн халамжинд байдаг. Аз жаргалгүй, бас өрсөлдөх чадваргүй,
ХОЁР: МАЛЧИД ХОТОД ШИЛЖИЖ ИРЭЭД ХАЙСАН АЗ ЖАРГАЛАА ОЛООГҮЙ
Монгол улсын хөгжил зөвхөн нийслэлдээ төвлөрөх нь. Улсын хэмжээгээр нийт 330 сумтай ч, түүний 30 орчим хувь буюу алслагдсан 60-70 сум эзгүйрсэн. Энэ жишиг төвийн суманд ч "халдаж" эхэлсэн. Малчид малаа зарж, нутаг усаа орхиж аз жаргалыг хайж нийслэлийг зорьж ирсэн. Гэвч нийслэлд ирээд аз жаргалыг олсонгүй. Ажилгүйчүүдийн эгнээг нэмж, ядуурлын түвшинд нөлөөлсөн. Энэ хүмүүсийг бодлогоор нутаг буцааж, газар нутгаа эзэнтэй болгож, иргэдээ эрхэлсэн ажил төрөлтэй, орлоготой болгох төрийн бодлого үгүйлэгдэж байна. Мал хариулах малчин ч олдохоо больсон. Малчид 10000 ажлын байр гаргах боломжтой. Эхний 5 жилд байр, сууц, хоол хүнсээр үнэгүй хангаж, дээр нь цалин олгож, малжуулах боломж малчдад байна. Тиймээс төрийн бодлогоо гаргавал, малчид хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдэх боломж байна.
ГУРАВ: МАЛЧДАД ЗОРИУЛСАН БАНК ШААРДЛАГАТАЙ
Малчид сарын 2%, жилийн 24%-ийн зээл авч байна. Энэ бол дэндүү өндөр хүүтэй үйлчилгээ. Буцааж төлөх боломж маш муу. Тиймээс зөвхөн малчдад зориулсан, малчдыг дэмждэг болохоос шулдаг биш Банк байгуулж өгөхийг малчид хүсэж байна. Мал аж ахуй бол өөрөө өндөр эрсдэлтэй, эргэлзээтэй салбар. Гэхдээ Монголын мал аж ахуйг сэргээхэд ердөө л 3 их наяд төгрөг шаардагдана. Үүнийг гаднын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхийг дэмжиж хэрхэвч болохгүй. Энэ хэмжээний төсвийг ядарсан ч гэсэн Монгол улс даана.
ДӨРӨВ: БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ
Бүсчилсэн хөтөлбөр байсан. Түүнийг зогсоосон. Харин бүх аймгаа засмал замаар холбож, цахилгаанаар хангасан. Гэвч нүүдлийн уршгаар хүн ам нь сийрч, 2000 -аас доош хүн амтай болсон сум сууринг татан буулгах шаардлагатай. Малчдаас малын хөлийн татвар авах цаг болсон.
ТАВ:МАНЛАЙЛАГЧГҮЙ МОНГОЛ
Манлайлагчийг мартжээ. Үнэ цэнийг нь ч орхигдуулжээ. Тиймээс манлайлагчийн хомсдолд Монгол улс орсон байна. Манлайлагч гэсэн үгийн утга санааг ч шинээр томьёолох цаг болсон. Манлайлагч гэдэг үг нь хариуцлага гэсэн үгтэй дүйх цаг болжээ. Зөвхөн өөрийгээ бөөцийлэх биш, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бусдадаа нөлөөлдөг, араасаа дагуулдаг манлайлагч Монголд өдрийн од шиг ховор болжээ. Тэгэхээр компаниудыг нийгмийн хариуцлагаа ухамсарладаг соёлыг хэвшүүлэх, дээр нь тэр үзүүлэлтийг нь мөнгөнөөс дээгүүр тавьж үзэх шаардлагатай болжээ.
Түүвэрлэсэн: Ц.ХИШГЭЭ