Өнөөдөр МАХН-ын удирдлагууд “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын Хяналт ёс зүйн хорооны дарга Г.Давааням нарын хүмүүс оролцлоо.
МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-ын бүртгэлтэй холбоотой асуудлыг улстөржүүлж байна. Энэ асуудал олон түмний хараа хяналтад ороосой, олон нийт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа шүүгчдийг хянах ёстой үүнийгээ тэд мэдэж аваасай гэж хүсч байна. МАХН-ын 2011 онд батлагдсан дүрэм хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ дүрэмд байгаа зохицуулалтын дагуу намын даргын хувьд ээлжит бус Их чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан. Нэгэнт ийм шийдвэр гарсан тул дүрэмд заасны дагуу уг асуудлыг Бага чуулганаар ярилцаж, Их чуулганы төлөөлөгч сонгох журмыг батлах ёстой.
Бага чуулганыг зарлан хуралдуулах эрхийн дагуу Бага чуулганы 20 дугаар хуралдааныг өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр зарлаж, 67 хувийн ирцтэй хуралдсан. Энэ хуралдаанаар намын даргын шийдвэрийг хэлэлцээд Их чуулганыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж, уг чуулганыг 7 дугаар сарын 7 –ны өдөр хуралдуулж, оролцох төлөөлөгч сонгох журмыг тус тус баталсан. Их чуулган бол хууль ёсны дагуу зохион байгуулагдана” гэв.
М.БАТТОГТОХ