Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр хуралдаж Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд хууль бусаар томилогдсон эсэх маргааныг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэжээ.
4-р сарын 6-ны өдрийн Үндсэн хуулийн Дунд суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Л.Ганболд нь хууль бусаар томилогдсон бөгөөд энэ томилгоо нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн юм.
Гэвч цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцээд цэцийн шийдвэрийг үндэслэлгүй гэсэн тогтоол гаргаад байсан юм.
Харин өнөөдөр цэц их суудлаараа “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж үзсэнээ дахин нотолжээ.
Тиймээс цэцийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүчингүйд тооцсон УИХ-ын 4-рс арын 19-ний тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Цэцийн дүгнэлт эцсийнх бөгөөд УИХ-д танилцуулах л ёстой юм. Өөрөөр хэлбэл, ерөнхий сайд /2016 онд ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байсан/ хууль бус томилгоо хийснийхээ хариуцлагыг хүлээх эсвэл хууль бусаар томилогдсон засаг дарга Л.Ганболд ажлаа өгөх асуудал үлдэж байна.
Жич: Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд нь “засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэх заалтыг зөрчсөн юм.
С.ШҮРЭНЧИМЭГ