“Монголын худалдаачдын холбоо” болон “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ныхон нийслэлийн удирдлагуудад ил захидал хүргүүлж байгаа юм. Уг захидалдаа “Монголын төр баячуудад үйлчилж, ядуусыг дарамталж байгаад бухимдаж байна. ТҮЦ ачиж байгаа нь бидний амьдралд маш их дарамт болж байна. Бид өөрсдөө ажлын байр бий болгож, төрөөс ямар нэг тусламж, халамж царайчлаагүй. Дэмжлэг болохгүй юм бол садаа бүү бол” хэмээн бичжээ. Тэд өнгөрсөн сард нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхантай уулзан, санал гомдлоо хэлж ярилцсан юм. Ингэхдээ Иргэдийн зүгээс өөрсдийн ТҮЦ-ний байршлыг өөрчлүүлэхгүй, одоо байгаа газраа үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаагаа хотын удирдлагуудад уламжилсан. Мөн энэ үеэрээ худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлагдаж дуустал ТҮЦ-ийг ачихгүй гэж хэлжээ.
Энэ талаар "Монголын худалдаачдын холбоо"-ны тэргүүн З.Пунсалдулам “Худалдаачдад тулгамдаж байгаа хамгийн эхний асуудал нь ТҮЦ ачилт. Анхнаасаа зохион байгуулалттай зөвшөөрөл олгоогүй байж арилжаа хийгээд амьдралаа залгуулаад эхэлчихсэн хүмүүсийн ажлын байрыг ачаад явчихаж болдог юм уу, биднийг хохироох эрх төрийнхөнд байхгүй” гэлээ. Тэд хэлэхдээ өглөө ажилдаа ирэхэд л ТҮЦ-ийг маань ачаад явчихсан байдаг, тиймээс шөнө манаж хонож байгаа гэв. Хамгийн сүүлд хотын захирагчтай уулзахад ТҮЦ- ачилтыг түр зогсооно гэж хэлсэн байдаг. Гэтэл СБД-ийн ачилтын ажилчид шөнийн 04.00 цагт ТҮЦ-ийг нь ачсан гэнэ. Үүнийгээ тус ажилчид удирдлагаас албан ёсны бичиг ирээгүй гэж тайлбарлажээ. Тиймээс нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг баталхаасаа өмнө эргэн харж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрхийг хамгаалах талаар журамд тусгаж өгөхийг хүслээ. Мөн нийслэлийн удирдлагуудтай ахин уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Б.ХУЛАН