Энэ сарын 15-нд Үндсэн Хуулийн Цэцийн дээд суудлын хуралдаан хуралдаж Хөвсгөл аймгийн засаг даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг цэц дунд суудлаараа хэлэлцээд, их суудлаараа дахин хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргасан юм.
Ингэснээр Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболдыг хууль бусаар томилсон Засгийн газар Үндсэн Хуулийн Цэцийн шйдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, Л.Ганболд ажлаа өгч, орондо нь өөр хүнийг томилох ёстой гэсэн үг.
Гэвч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Г.Занданшатар нар Л.Ганболдыг засаг даргынх нь суудалд авч үлдэх тохироо хийж байгаа гэх мэдээлэл гарах боллоо. Учир нь Л.Ганболд Л.Энх-Амгалангийн “гар хөл” болж Хөвсгөл дэх хамаг ажлыг зохицуулдаг учир түүнийг байранд нь авч үлдэх нь Л.Энх-Амгалангийн эрх ашигт илүү нийцэх аж.
Бидэнд ирүүлсэн эх сурвалжийн мэдээллээр Л.Ганболд хууль зөрчиж ажилласан 2 жилийн хугацаагаа ашиглан засаг даргад дахин нэрээ дэвшүүлжээ. Үүнийг нь ч аймгийн ИТХ-аас нь дэмжсэн тогтоол гаргаж Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Г.Занданшатарт явуулсан байна. Өөрөөр хэлбэл, хуул зөрчиж ажилласан хугацаан дээрээ дөрөөлж дахин засаг дарга болох тохироогоо хийсэн гэсэн үг. Харин тэд энэ лоббигоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тулгаж, түүнээр тогтоол гаргуулах ажлыг хийлгэх гэж зүтгэж байгаа нь дамжиггүй. Гэхдээ У.Хүрэлсүх тэднийг лоббид автвал өөрийнх нь нэр хүнд цаашлаад Засгийн газарт нь халгаатай байдал үүснэ. Тиймээс энэ бүхэнд анхааралтай хандах цаг ирж буй хэрэг.
Угтаа МАН-аас өөр хүнийг засаг даргад томилох боломж бий ч ийнхүү Л.Ганболдыг хэвээр үлдээхээр улайран зүтгэж байгаа нь хэний эрх ашиг гэдэг нь нэгэнт тодорхой юм.
С.ШҮРЭНЧИМЭГ