Авлигатай тэмцэх газраас 2018 оны 6 дугаар сард хийсэн үйл ажиллагааны талаарх хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хурлын үеэр Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээллийг өгөв.
МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга А, мөн газрын Хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Б нар нь 24 удаа бусдаас хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хясан боогдуулах замаар хахууль авсныг АТГ шалгалтын явцдаа илчилсэн байна. Албан тушаалаа урвуулан их хэмжээний хахууль авсан хэргийг торгоод өнгөрдөг хуулийн зохицуулалттай. Гэтэл бага хэмжээний хахууль авсан тохиолдолд хорих ял ноогдуулдаг нь хачирхалтай. Тухайлбал Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байсан С.Гансүх нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан иргэн С-ээс бусдаар зуучлуулан 200 мянган төгрөгийн хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэж 1,6 жилийн хорих ял оногдуулж, тэнсэн шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд 9.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан байдаг. Эдгээр нь АТГ-ийн ажил биш шүүхийн шийдвэр учраас ямар шалтгаанаар ийнхүү “өршөөгддөг” нь тодорхойгүй байдаг. Энэ удаа 24 удаагийн хахууль авсан албан тушаалтныг ямар хуулийн зохицуулалтаар, хэрхэн шийтгэхийг олон нийт хүлээж байгаа юм.
О.НАНСАЛМАА