ЭХ ОРОНДОО АМЬДРАХ ХҮСЭЛ ТЭЭН ИРСЭН Ч ДААНЧ БОЛОХГҮЙ НЬ...

2018-06-26  

Шведэд 10 жил амьдарч байгаад эх орондоо ирсэн найз маань утас цохиж байна. Монголдоо буугаад тав зургаахан хонож байгаа тэрээр “найз нь хямарч, баахан уйллаа” гэх нь тэр. Амьдралын төлөө ажиллахаар яваад жил болоогүй шахам байхад нь ээж нь, монголдоо ирэхээс нь жилийн өмнөхөн аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн болохоор эх орондоо буугаад эгч нартайгаа уулзахдаа тэднийгээ санасан сэтгэл нь дэвтэж нулимсаа асгаруулсан нь лавтай. 

Бид хоёр энэ тухай нь жаал жуулыг хөөрөлдсөний дараа ээж ааваа алдсан миний найз түүнээсээ ч илүү эх орон, элэг нэгтэн монголчуудаа хараад хямарсан гэдгийг ойлгов.

Тэр "10 жилийн дотор эх орон минь ямар өөр болоо вэ" хэмээн дуу алдана. Харин түүний хувьд тэрхүү “өөр” гэх ойлголт ямархан болохыг өөрийнх нь ярьсанчлан энд сийрүүлье!

10 ЖИЛИЙН ӨМНӨ ГУДАМЖИНД ЧИХЭР, БОХЬ ШИРХЭГЛЭЭД ЗАРДАГ БАЙСАН ТЭР ЗУРАГ ЯГ Л ХЭВЭЭРЭЭ...

  1. Монголдоо ирээд хар үүрээр архи уусан хүнтэй тааралдлаа. Бас гудамжиндаа архи ууж байна. Нүүрэндээ баясалгүй, нүдэндээ гунигтай, стресстэй хүмүүсийг хараад үнэхээр хэлэх үг олдохгүй байна!
  2. 10 жилийн өмнө гудамжинд чихэр бохь ширхэглээд зардаг байсан тэр дүр зураг яг хэвээрээ байгаад ч гайхаж байна!
  3. Хүнээсээ олон машинтай болжээ. Замаар хөндлөн гарахын тулд хаанаас, хэн нь ирээд мөргөчих юм бол гэсэн айдаснаас салахгүй л явна. Том том машинтай хүмүүс дуут дохио хангинуулаад л явган зорчигчдыг үнэхээр чичрүүлж байна!
  4. Бичиг баримт хөөцөлдөөд УБЕГ дээр очлоо. Ширээний цаана суусан хүмүүс аймшигтай их зантай. Шведэд бид хэдий гадны хүн ч гэсэн хүнийг хүн гэдэг утгаар нь харьцдаг. Гэвч би эх орондоо ирээд гадны хүн шиг гадуурхагдах аясыг мэдэрч байна! Хүнд үйлчилж байгаа мэргэжилтэн нь загнаж, уурлаад, ямар нэг юм шидээд л байх юм...
  5. Хүнсний эрүүл ахуй гэдэг зүйл үнэхээр алдагдчихаж. Намайг 10 жилийн өмнө амьдарч байхад байрнуудын дунд “тараг, сүү аваарай” гээд зардаг байсан. Тэр л жинхэнэ эрүүл, эко цагаан идээ байжээ. Харин одоо дэлгүүрүүдэд худалдаалж байгаа савласан тараг сүүг идэх арга алга. Гашилдаггүй, мууддаггүй, зууралдсан сонин юм байдаг болжээ.
  6. Манай эгчийн 10 настай жаахан охин “тэр баян айлын хүүхэд, энэ мөнгөтэй айлын хүүхэд мөнгөтэй бол тийм юм авна, мөнгөгүй бол авахгүй” гэсэн зүйл ярьж байна.  Манай нийгэм хүүхдэд ийм л үлгэрлэл үзүүлж байгаа нь даанч харамсалтай.

МОНГОЛЧУУД ЯМАР ИХ ЗАВТАЙ БАЙГААГ НЬ ГАЙХАЖ БАЙНА!

7. Би 10 жил Шведэд амьдрахдаа мартын 8 тэмдэглэж үзээгүй. Нөхөр маань цэцэг авч өгнө, кино ший үзвэл үзнэ. Ер нь тэднийхний хандлага ийм л байдаг. Шинэ жилийг ч ийм л маягаар тэмдэглэдэг. Гэвч монголд яасан ч олон баяр ёслол тэмдэглэдэг юм. Гэр бүл, аймаг хотоороо л нийлээд л ууж идэж наргиж цэнгэсэн хүмүүс. Ямар их завтай байгааг нь гайхаж байна! Энэ их стресс, өөр зээлтэй, завтай хүмүүс юугаараа, яаж баяр ёслол тэмдэглээд байгааг нь үнэхээр ойлгохгүй байна.

8. Зөвхөн нэг байрыг тойроод л лоунж, караоке, баар, саун, зочид буудал ажиллаж байна. Олон нийтийн амьдрах байр ийм байж болдог юм уу?

9. Дэлгүүр, ТҮЦ-нүүдэд нь архи тамхи зарж байна. Ийм байхад хүмүүс нь архинд живэхгүй яах вэ дээ. Стокольмд архи, согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй систем блок нэртэй 4-5 газар л байдаг. Орой 19:00 цаг гэхэд хаана.  Хагас сайн өдөр 15:00 цаг хүртэл л ажилладаг. Бүтэн сайн өдөр огт ажиллахгүй. Гэхдээ 21 нас хүрсэн, бичиг баримттай хүнд л үйлчилдэг.

10. Намайг 10 жилийн өмнө Шведэд очиход талхны үнэ монголд 250 төгрөг байсан бол өнөөдөр 4-5 дахин өсчихөж. Гэтэл Шведэд энэ 10 жилийн хугацаанд 100 төгрөгөөр л нэмэгдсэн.

11. Өвчлөл аймшигтай болжээ. Охин маань ирэнгүүтээ хордлого өгөөд “Гурван гал” дээр очиход коридороор нь дүүрэн уйлсан хүүхдүүд. Маш олон хүүхдүүд байхад эмнэлэг нь 15:00 цаг гээд л эмнэлгээ хаагаад явчихдаг юм байна...

Гуравхан сая хүнтэй монголчуудыг ингэж ч амьдруулах гэж харамсаад барахгүй нь!!!  Гэтэл Швед 10 сая хүн амтай түүнийх нь 3 сая орчим нь гадныхан. Газар нутаг нь өчүүхэн жижиг. Бүгдийг нь баян, тансаг амьдруулаад л байна.  

"Уг нь бид гурав /нөхөр, хүүхдээ хамтатган хэлж байна/ эх орондоо амьдрах хүсэл тээн ирсэн ч даанч чадахгүй нь ээ. Хэн л гадны улс царайчлаад амьдраад байхыг хүсэх вэ дээ. Гэвч миний зориод ирсэн эх орон ийм байна. Ийм орчинд хүүхдээ яаж өсгөх юм бэ? Буцахаас өөр сонголт үлдсэнгүй ээ.”

хэмээн харамсал дүүрэн ярих найзынхаа яриаг утсаар бүтэн 40 орчим минут чагнав. Тэр гадны орныг шүтсэндээ ч юм уу аль эсвэл эх орноо муучлах гэсэндээ энэ бүхнийг яриагүй нь тодорхой. Харин хэсэгхэн хугацаанд хол байж байгаад ирсэн түүний нүдээр бид, бидний эх орон ингэж л өөрчлөгдөж...

 

 

Сэтгүүлч: С.Шүрэнчимэг

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин.:Яг л үнэн дээ.Үнэхээр харамсалтай. Эх орноо ийм болгоод өөрсдөө гадна амьдарч байгаа удирдагч нар ичих хэрэгтэй. 2018-07-02
Mngl:Tsemtselgvi ard tvmen muxudgii 2018-07-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?