Л.БАТЦЭНГЭЛ: УЯХАН ХИЙЛ ЗАГИЙН УТАС ТАСРАХАД ОЙРХОН БАЙНА

2018-07-04  

Уяхан хийл шиг Загийнхаа хөвөөнд

Туяхан бүсгүйн хархан нүднээс

Уянгалаг мөрөөдлийн аялгуу сонссон

Тунгалаг үдшээ дурсаж дуусдаггүй ээ...

Энэ бол Баянхонгор аймгийн Заг сумын дундуур дайран өнгөрөх Загийн голын тухай шүлэг. Тус сумын уугуул, яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэл ийнхүү шүлэглэж байжээ.

Гэвч өнөөдөр уяхан хийл шиг Заг гол тасарч, үгүй болох аюул нүүрлээд байна.

Чухам яагаад гэвэл:

Баянхонгор аймгийн Заг сумын Эх булаг/Их булаг/ гэх газарт “Централ Эшиа Майнинг” гэх компани өнгөрсөн 2017 онд АМГТГ-ын шийдвэрээр 411 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулахаар зэхэж эхэлжээ. Гэвч уг газар нь Хангайн нуруунаас эх аван урсдаг 20 гаруй горхи булаг бүхий Заг, Байдрагийн голын урсац бүрэлдэх эх юм. Мөн энд түүхий дусраглын олон олон хөшөө чулуу, эд өлгий зүйл элбэгтэй атал ийнхүү сүйдэх аюул нүүрлэсэн учир Заг сумын малчид, тэндээс төрсөн нэгдэл холбооныхонтойгоо хамтран “Загийн голоо аврах” тэмцэл эхлүүлээд хоёр жилийн нүүрийг үзжээ. Арга ядсан тэд өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандсан юм.

Д.ЭРДЭНЭБИЛЭГ ТА НУТГАА БОДООД, МАЛЧИН ТҮМНИЙU БОДООД, ЁСЗҮЙГЭЭ БОДООД ЗАГИЙН ГОЛЫГ МИНЬ БИТГИЙ СҮЙТГЭЭЧ ЭЭ!

С.Зоригтбаатар “Ардын заргын товчоо” ТББ-ын УЗ-ийн дарга:

“Централ Эшиа Майнинг” гэх компани хоёр жилийн өмнөөс “танай нутагт алт ухъя” гэдэг хүсэлтээ гаргасан. Гэвч зэргэлдээ орших Байдрагийн гол нүдэн дээр минь ширгэж, мал хуй бэлчээргүй болоод байхад “яасан ч газраа ухуулахгүй” гэх байр суурин дээр сум орон нутгийнхан, малчид бид хатуу зогссон. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Баянхонгор аймгаас сонгогдсон Л.Элдэв-очир, Г.Занданшатар, М.Билэгт, ерөнхийлөгч Х.Баттулга нарт хандсан. Энэ гишүүд маань ч малчдынхаа талд байж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Гэвч АМГТГ-аас уг тусгай зөвшөөрлийг цуцлахгүй өнөөдрийг хүрсэн. Харин өнөөдөр “Централ Эша Майнинг” гэх компани малчид, сум орон нутагт хандив, мөнгө өгөх байдлаар худалдаж авахыг оролдож эхэллээ.

Энэ компанийн эзэн нь хэн байдгийг судлаад үзэхэд монгол түмний сайн мэдэх “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн юм байна. Энэ хүн бол Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, “Централ эшиа майнинг” ХХК-ийн 98,9%-ийн эзэмшдэг. Удам судраар нь хөөгөөд үзвэл, уг нь Баянхонгор аймгийн гаралтай.

Тиймээс та нутаг усаа битий ухаач ээ. Та бол хөдөлмөрч хүн. Монголын тэргүүн баячуудын нэг. Хэрэв танд мөнгө үнэхээр хэрэгтэй болоод газар нутгаа ухаж сүйтгэх гээд байгаа бол бид хонь малаа өгье.

Та нутгаа бодоод, малчин түмний аж амьдралыг бодоод, ёсзүйгээ бодоод энэ удаа Загийн голыг минь битгий сүйтгээч ээ. Таниас гуйж байна. Хэрэв бидний гуйлтыг хүлээн зөвшөөрөхгүй бол бид ясаа цайтал тэмцэнэ. Ардын уран зохиолч Т.Галсан гуай бол “Загийн голыг ухвал амь насаа өргөнө” гэдгээ ч хэлсэн.

 

ЭХ НУТГИЙНХАА ЭЛГИЙГ ДЭВТЭЭДЭГ ЦӨӨХӨН ХЭЭДЭН ГОЛЫН НЭГ НЬ ЗАГИЙН ГОЛ

Б.Пүрэвсүрэн  Академич, доктор, профессор:

Загийн гол бол Хангайн нуруунаас эх аваад төрсөн нутгийнхаа говь руу урсдаг гол. Бөөн цагаан нуур луу цутгадаг гол юм шүү дээ. Хамгийн цэвэр, цэнгэг устай. Сүүлийн үед ус нь татраад, байн байн тасраад байдаг болчихсон. Одоо эх ундарга дээр нь алт ухаад л эхлэвэл Загийн гол шууд ширгэнэ. Голоо бараадсан хүн мал бүгд байхгүй болно. Ингээд үр дүнд нь цөлжсөн хөндий л үлдэнэ. Алдарт Бөөн цагаан нуур, нууц товчоонд гардаг Заг, Байдрагийн алдарт Хүрэн элчир байхгүй болно.

Төрсөн нутгийнхаа элгийг дэвтээдэг цөөхөн хэдэн гол байдаг. Заг, Байдраг, Онги, Түй. Онги голыг яаж сүйтгэлээ дээ. Одоо Онгийн хувь заяаг л давтах гээд байна.

Түүх дурсгалын эд өлөг ихтэй гэсэн үү?

Би яг алт ухаж байгаа газарт нь төрсөн хүн. Түүх дурсгалын өлгий нутаг. Тооноор нь уулын орой харагдаж, уул, усны шуугиан нь гэрт суугаа хүмүүст сонсогддог тийм л нутаг.

Та уг нь эмнэлэгт хэвтэж байгаа хүн байна шүү дээ.

Унасан газар, угаасан усыг минь там болгох гэж байхад би юу гэж эмнэлэгийн орон дээр юу ч мэдээгүй юм шиг хэвтэж байх вэ дээ. Би монгол хүн. Зүрх сэтгэл минь эмтэрч би бараг үхэж байна.

 

БИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ ГЭДЭГ ХҮНД НЭГ НЭГ МАЛ ӨГЬЕ ГЭЖ БАЙГАА ЮМ. МӨНГӨ ОЛОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ТЭРҮҮГЭЭРЭЭ БАЯЖИНА БИЗ!

Л.Энхсайхан “Загийн гол аваръя” ТББ-ын тэргүүн:

Эх булаг /Их булаг/ нь уулын аманд байдаг юм. Яг тэр аманд уурхайнхан техник хэрэгслээ аваачаад, кэмпээ байгуулчихаад байна. Уг нь тэр аманд малчид хаваржаалдаг, зусахаараа гол руугаа орж зусдаг газар л даа.  

Заг суманд, Загийн гол дагуу мал аж ахуйгаас өөр үйлдвэрлэл эрхэлж амьдардаг хүн байхгүй. Мал ахуйгаа хэдэн үе уламжлан адгуулж ирсэн манай ард түмний дундаас олон олон алдартан, аваргууд төрөн гарсан. БНМАУ-ын үед Лүндээ, Дэчин, Пунцаг, малчин Лувсан нарын аваргууд төрөн гарсан. Тэдний үр хүүхдүүд ч үргэлжлүүлээд аймгийн, сумын, улсын аварга малчин болоод явж байна.

Д.Эрдэнэбилэг гэдэг хүн багт 100 сая, суманд 400 сая, аймагт 600 саяыг өгнө гэж амлаад газраа ухъя гэдэг хүсэлтийг тавьжээ?  

Манай нэгдүгээр багт 150 малчин айл байдаг. Тэр айлуудаасаа нэг нэг мал аваад газар шороогоо ухах гээд байгаа Д.Эрдэнэбилэгт өгье гэж байгаа юм. Тэгээд мөнгө олох гээд байгаа юм бол тэрүүгээрээ баяжина биз. Бид үеийн үед малаараа л баяжиж ирсэн.  

Ус, өвсөөр бялхсан энэ газар нутаг чинь биднийг үеийн үед тэжээдэг юм. Бид энэ сайхан газар нутгаа 500-600 сая төгрөгөөр худалдахаар цаашид юугаараа амьдрах юм бэ? Бид оюунлаг ард түмэн учир мөнгөнд хууртахгүй. Бид газар нутаг, уул устайгаа байж гэмээнэ малаа өсгөөд сайхан амьдарна. Тэр байтугай улс эх орондоо илүү сайхныг бүтээж өгнө гэдэгтээ манай Загийн ард түмэн итгэлтэй байдаг юм.  

 

 

С.Шүрэнчимэг 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Zagiin goliig bitgii uhaachee Erdenebuleg tanaac guij bna 2018-07-05
Zochin:Minii aav bayanhongoriin hun eleg zurh mini emterj bna zagiin gol malchidtai taivan bailgaach gazar shoroog bitgii uhaach . 2018-07-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?