УСАНД УРССАН АМЬ БҮРИЙН ТӨЛӨӨ

2018-07-17  

Зуны дэлгэр цагт хүн бүр агаар салхи, гол ус, ургамал моддыг бараадан зугаалж явна. Бүтэн жилийн стресс ядаргаагаа ганц удаа тайлдаг улирал нь ч энэ. Харамсалтай нь нөгөө л хэнэггүй, тоомжиргүй, болгоомжгүй зангаараа үр хүүхдээ голын усанд үйчихээд, гаслан харуусч суугаа аав ээжийг бодохоор өр өвдөх юм. Амралтын өдрүүдээр голын эрэг, тохой, булан бүрт буудаллаж, тойрч суугаад хөзөр тоглож, архи ууцгаан, бага насны хүүхдүүд голын усанд хариуцах эзэнгүй булхан тоглож буй дүр зураг хаа сайгүй.

Гай хэлж ирдэггүйн жамаар инээж хөхрөн орчноо мартах тэрхэн зуурт бяцхан үр нь усанд урсаад явчихсан  харамсалтай хэргүүд гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 14-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүр орчмын Туул голоос дөрвөн настай хүүхдийн цогцос олдсон. Өмнөх өдрүүдэд нь үргэлжилсэн бороо орж, Туул гол үерлэсэн байдалтай байсан. Ганцхан өдрийн нарнаар голын эрэгт зай завсаргүй шавцгаасан тэр өдөр. Хүүхэд хэдийнэ живээд цогцос нь урсаж байхад иргэд олж хараад дуудлага өгсөн байдаг. Өдөр 14:00 цагт осолдсон бяцхан жаалын аав ээжийг орой 18:00 цагт олж мэдэгдсэн. Голтой ойрхон айлуудын хүүхдүүд зуны цагт усанд өнждөг. Гадаа тоглож байгаа гэж бодсон үр нь хэдийнэ тэнгэрт явчихсныг ээж нь яаж сонсоо бол. Гэхдээ дөрөвхөн настай үрийг бүтэн өдөр сураглахгүйгээр, харж хамгаалахгүйгээр орхино гэдэг хэтэрхий хариуцлагагүй хэрэг биш гэж үү.

 

ХАГАС ЖИЛД 10 АМЬ

 

Энэ оны долдугаар сарын 14-ний байдлаар 10 хүүхэд усанд живж амиа алдсан. Албан тоо энэ. Тодруулбал, 12 аймгийн 27 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 39 удаа усанд осолдсон тохиолдол гарч, 48 хүн амиа алдсаны 10 нь хүүхэд. Хүн хэлэхээс, цаас чичихээс нааш гэдэг. Хүүхэд амиа алдсан тохиолдлуудыг энд дахин бичье. Үүнийг уншаад үр хүүхдээ харж хамгаалаасай.

Хүүхдийн баярын өдөр буюу зургадугаар сарын 1-нд 10 настай эрэгтэй хүүхэд Гачуурт тосгон “Харгиа” амралтын газрын урд талд Туул голд живж амиа алдсан. 16:00 цагт усанд осолдсон түүний цогцсыг дараа өдрийнх нь өглөө 07:00 цагт олсон юм. Энэ өдрөөс долоо хоногийн дараа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн шинэ эцсийн ойролцоо тогтоол усанд 11 настай хоёр хүүхэд тоглож байгаад нэг нь живж амиа алдсан. Хүүхдүүд эвгүй болохыг харсан иргэд сандран очиж гаргасан боловч нэгнийх нь амийг аварч чадаагүй. Тоглож наадах талбайгүй хөөрхий хүүхдүүдэд тогтоол уснаас өөр зугаацах газар олдоогүй биз.

Мөн өнгөрсөн сарын 20-нд бага насны гурван хүүхэд голын усанд унаж живсэн харамсалтай хэрэг гарсан. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харганатын голд гуравтай, дөрөвтэй хоёр хүүхэд, Ховд аймгийн Алтай сумын нутаг Шар хөтөл гэдэг газар дөрвөн настай хүүхэд Мангиртын голд унаж амиа алдсан. Ганцхан өдрийн дотор ийнхүү гурван бяцхан амь усанд урссан.

Зургадугаар сарын 26-нд дөрвөн найзтайгаа хамт усанд орж тоглож байсан 10 настай охин Зайсангийн гүүрний орчим живж амиа алдав. Ийм маягаар 2016 онд 25, 2017 онд 16 хүүхэд нас барсан. Хүүхдүүд усанд тоглох гэж л ордог. Харин тоглох гэж ороод алтан амиа эрсдүүлж байгаа нь эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй, хэнэггүй, хараа хяналтгүй зан 100 хувь буруутай.

 

ЧУЛУУНААС ЗУУРЧ АМЬ АВРАГДЖЭЭ

 

Аврах багийнхан амжиж хүүхдүүдийн амийг аварсан олон  тохиолдол бас байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 28-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Маршлын гүүрний ойролцоо найман настай хүүхэд голын эргээс алга болсон дуудлага иржээ. Аврах багийнхныг 21 цагийн үед очиход эрэгтэй хүүхэд голд урсаж байсныг гаргаж аварсан байна. Мөн энэ сарын 8-нд Яармагийн гүүрний зүүн талд Туул голд хүүхэд живэх гэж байна гэсэн дуудлагын дагуу очиход 15 настай эрэгтэй хүүхэд голын дунд чулуун дээр сууж байж. Усанд урсахдаа чулуунаас зуурч тогтсон, бээрсэн байдалтай түүнийг аврах олс ашиглан гарган авчээ. Үүнээс хоёр хоногийн дараа Баянзүрх дүүргийн VIII хороо, Эрдэнэтолгойн дөрөвдүгээр гудамжны дэргэд зургаан настай эрэгтэй хүүхэд үерийн ус зайлуулах хоолойд ороод гацсан байдалтай байсныг гаргаж авахад хагас осголтын байдалтай байжээ. Хэрэв аврах багийнхан амжиж ирээгүй бол амиа алдсан хүүхдийн тоог тэд нэмэх байлаа. Үүний цаана томчуудын хариуцлага асар том буруутан болж байгааг дахин дахин хэлэх хэрэгтэй.  Аялал амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг сайн харж хамгаалах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, нэгдсэн зохион байгуулалттай амралт, аялал зугаалгаа зөв зохицуулахыг онцгойгийнхон анхааруулсаар байна. Хүүхдийг аль болох голын усны эрэг дагуу тоглуулмааргүй байна. Усанд тоглуулмаар байвал хийлдэг бассейнаар асуудлыг шийдэж болно. Мөн амарч зугаалахдаа зөвхөн өөрсдийн хүүхэд гэлтгүй бусдын хүүхдүүдэд анхаарал тавьж байхыг уриалсаар байна. Ойрын өдрүүдэд бороо хур элбэгтэй байгаагаас голуудын усны төвшин огцом нэмэгдэж байна. Тухайлбал, энэ сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа гол үертэй байгаа.  14, 15-нд орсон усархаг аадар борооноос шалтгаалан үер буух, гол мөрний усны төвшин богино хугацаанд нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлж байна. Өчигдөр Дархан, Сэлэнгийн замд уулын үер бууснаас автомашинууд зорчиход хүндрэлтэй болсныг олон нийтийн сүлжээнд нийтэлж байв. Энэ долоо хоногт түр зуурын усархаг бороо үргэлжлэн орохыг цаг уурчид санууллаа. Дайн дажингүй энх цагт хүүхдүүдээ усанд үйхгүй байхсан. Усанд урссан амь бүрийн төлөө хариуцлагатай байхсан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга