ГАДНЫНХАН МОНГОЛД АЯЛАХДАА ХОГОО ТҮҮЖ, СОЁЛТОЙ ЯВЖ БАЙХАД МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ БАЙГАЛИА ТАЛХАЛЖ БАЙНА

2018-07-19  

Саяхан цахим сүлжээгээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гүзээлзгэнэ ингэж их ургажээ гэсэн тайлбар сэлтийг бичиж ирээд л зураг оруулжээ, хэн нэг нь. Тэгтэл тэр зургийг харсан олон хүн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гүзээлзгэнэ түүнэ, тэгэнгээ амарна гэсэн бодолтой давхилдаж. Харин үүний дараа нутгийн иргэн “Баяр наадмын өдрүүдээр 450 гаруй машин ирж бужигналаа. Бүгд л жимсээ түүгээд буцлаа. Жалга довоор дүүрэн хог. Үнэн арчаагүй. Хотын ч орк юмаа” гэж халагласан байв.

Амарч, аялж болно. Гэхдээ хог тарихгүй, явсан газраа баллаж сүйтгэхгүй аялах соёлтой байя гэдгийг хичнээн их уриалдаг билээ дээ. Уриалаад, учирлаад ч нэмэргүй байх юм. Хэдэн жилийн өмнөх наадмаар Хөвсгөл нуурт очиж амрахаар явж байгаа машины цуваа хөвөрсөн. Яг л хотын замд түгжирдэг шиг түгжрэл үүссэн гэрэл зураг харагдаж байсан даа. Тэд бас л очоод Хөвсгөлийг сүйтгэж гарсан гэж дуулдсан.

Зунжин аялж, амарсан улсуудын хөлд талхлагдсан Өгий нуурын хогийг намар нь цэвэрлэхэд хэдэн машин хог гарсныг байгаль хамгаалагч нь бас л хэлж байсан. Ерөөс монголчууд аялах нэрийн дор байгалийг сүйтгэж, ахин хөл гишгэх аргагүй болтол талхалж хаях юм.  

Гэтэл Монголд ирж аялж байгаа гадныхан хогоо гялгар уутанд хийгээд, аяллын цүнхнээсээ уячихсан, цэвэр цэмцгэр соёлтой аялж байгаа зураг твиттер хуудсанд харагдаж байна лээ. Гадныхан манайд аялахдаа ямархуу соёлтой байгаа, манайхан өөрсдөө болохоор түйвээх нь холгүй явдагт том ялгаа харагдаж байна шүү.

Бас байгалийн үзэсгэлэнтэй сайхан газрыг нэг нэгэндээ зааж өгөхдөө харам баймаар байна. Тэнд тийм сайхан газар байдаг гээд хэлчихвэл бүгдээрээ шуугилдаад давхичих юм. Хамгийн гол нь очоод сүйтгэхийг нь яана. “Аяллын цаг” нэвтрүүлгийн Г.Бадамсамбуу нэг удаа ярьсан юм. Олон жилийн өмнө монголчууддаа урьд нь нээгдээгүй, байгалийн үзэсгэлэнт гоё сайхан газар байдгийг үзүүлэх гэж нэвтрүүлгээ хийгээд телевизээр гаргасан юм. Гэвч тэр дугаарыг үзүүлсний дараа баахан нөхдүүд тэнд загас барина гэж очсон байсан. Бүр динамик дэлбэлж, нуурыг сүйтгэсэн байсан. Тийм харамсалтай хандлагыг дуулаад дахин сайхан газрыг хүнд зааж өгөхдөө дургүй болсон хэмээн ярьж байсан удаатай. Тэгэхээр аялна, амарна, байгалийн үзэсгэлэнг мэдэрч, мэлмийгээ баясгана, стрессээ тайлна, шинэ газар үзнэ гэдэг ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байна.

Ц.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?