ОНЦГОЙГ БӨХ БИШ АВРАГЧИД НЬ Л ТОДОРХОЙЛНО

2018-07-25  

Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлсэн бөхийн шинэ аваргад Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал Дэд хурандаа цол олгожээ. “Бөх нь бөхийн цолоо, цагдаа нь цагдаагийн цолоо авдаг байя”,  “Дэд хурандаа бол Н.Батсуурийн авах цол биш. Цэрэг, цагдаа онцгой байдлын байгууллагад ясаа цайтал зүтгэсэн хүн авах ёстой” гэх шүүмжлэлийн үгс цувж эхлэв. Үүнтэй давхцан онцгой байдлын жинхэнэ албан хаагчдын ажлын нөхцөл, бээлий ч үгүй нүцгэн гараараа аюул осол руу гүйж ордог, цалин хангамж тааруу, төрд хаягдсан гэдэг асуудал хөндөгдөж байна.

Эх оронд гал усны гашуун зовлон, байгалийн гамшиг, зуд турхан гээд, аюул осол юу эс тохиолддог билээ. Тэр бүгдэд онцгой байдлын аврагч хамгаалагчид явган нүцгэн, техник хэрэгсэлгүй гүйдэг. Эр зоригоороо л ажилладаг гэж болохоор доо.

Байнгын бэлэн байдалд, онцгой нөхцөлд ажилладаг улсуудаа төр яажшуухан анхаарч байдгийг нотлох дүр зургууд бэлээхэн бий. Ард түмнийхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж явдаг улбар шар хувцастнууд өөрсдөө эрүүл мэндээрээ хохирох явдал ч гардаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд 33 албан хаагч үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэдсэн гэсэн тоо харагдаж байна. Хатуугаар хэлэхэд хамгийн нэр хүндгүй салбар болтол нь орхисон тал байгаа нь үнэн. Тэгэхээр одоо төр засаг онцгой үүрэгтнүүдийнхээ цалин хангамж, тэтгэвэр тэтгэмж зэргийг зузаатгах цаг болсон болов уу.

Ер нь тухайн салбарыг мэргэжлийн хүмүүс нь тодорхойлдог. Хөндлөнгийн хүн огт мэдэхгүй салбараа алдаршуулах нь юу л бол. Тэгэхээр онцгой байдлын салбарын өнгийг жирийн албан хаагчид нь тодорхойлж таарах учраас нэр хүндийг нь өргөж өгөх хэрэгтэй биз ээ.  

 

 

Ц.БУЛГАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?