ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЗАМААР ГАРАХАД НЬ ТУСАЛДАГ УУ

2018-07-25  

Өглөөний есөн цаг. МУИС-ийн буудал дээр буух ч болчихож. Үүргэвчээ үүрчихсэн, гартаа зөөврийн компьютерээ барьчихсан, ажилдаа очих цаг тулчихсан явж байв.

Засгийн газрын ордны баруун хойно байрлах дөрвөн замын уулзварын гэрлэн дохиог асахыг хүлээгээд зогсож байв. Гэнэт 40 гаруй насны эгч уртаа гэгч таяг барьчихсан хажуугийн хүнээс юм асуух гэсэн болтой тээнэгэлзэн зогсоод л байлаа. Би ч нэг их юм бодолгүй гарцаар гараад, хажуугаар нь өнгөртөл Долоон буудал руу яаж явах вэ? Мэдэх хүн байна уу гэх нь сонсдох төдий юм. Тэр хүн харааны бэрхшээлтэй ажээ. Би цагаа ч хараад, тэр эгч рүү ч нэг хараад юу хийхээ мэдэхгүй хэсэг зогслоо. Хэн ч тусалсангүй. Бүр тоох ч сөхөө алга. Тэгээд л туслахаар шийдэж, буцаж гүйж очоод таныг гэрт нь хүргээд өгье гэв. Айж эмээсэн болтой, “Хэрэггүй ээ” гэж хэлэхэд нь, “Таныг хараад туслахаар ирсэн юмаа” гэв. Долоон буудалд буух хүртлээ бараг юм ярьсангүй. Ганц хоёр юм асуусан ч ярих дургүй байгаа нь ярианы өнгө аясаас анзаарагдаж байв. Удалгүй Долоон буудал дээр ирж бид хоёр буух боллоо. Автобуснаас буугаад хаашаа явах вэ? гэж асуухад зүүн тийшээ Зүрх уул руу салсан зам бий. Охин минь ирээд авчихна аа л гэлээ. Бид түүний гэр рүү дөхөж явтал эгч сая нэг үг дуугарч, “Залуу байхдаа сайхан бүсгүй байлаа. Хүнд өвчин хэлж биш хийсч ирдэг юм байна. Чамайг сонсох нь ээ залуухан охин бололтой. Биеэ бодож явах нь чухал шүү!” гэв. Тэгээд удалгүй заасан газарт нь ирлээ. Наймхан настай охин л ээжийгээ тосон гүйж ирээд, хөтлөөд явав.

Улс орон бүрт дээрх жишээтэй адил иргэд цөөнгүй. Тэднийг хөгжлийн бэрхшээлтэй гээд тоохгүй биш харин ч зориулалтын замаас нь эхлээд ажиллаж, амьдрах нөхцөл бүрт тусалж дэмжиж, хөгжүүлсээр энгийн иргэдтэй мөр зэрэгцэн алхуулж чадаж байна шүү дээ. Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй монгол иргэд цөөнгүй амьдардаг. Тэдний хэлснээр тэд ганцаараа чөлөөтэй явдаг. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж зам бүр зориулалтын чиглүүлэгчтэй. Цаашлаад гэрлэн дохио хүртэл дуут дохиолол суулгасан байдаг. Метрогоор зорчиход карт уншуулахаас өгсүүлээд орж гарах явцад хяналтын ажилчид, харуул бүр тусална.

Гэтэл эсрэгээрээ бидний нөхцөлд хотын төвүүдэд цөөн тооны л зүйлс хийсэн харагддаг. Тэр нь зүгээр нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр амархан эвдрэхээр хийсэн байдаг. Хотын төвийн замд л гэхэд ийм асуудал тулгарч байхад гэр хороололд бол бүр ойлгомжтой биз ээ.  

 

 

Б.БУЯНЖАРГАЛ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?