Монголын багш нар өнгөрсөн оны яг энэ өдрөөс эхэлж цалин нэмүүлэх шаардлагыг засгийн газарт тавьж эхэлсэн. Манайд нэг багшийн цалин дунджаар 400-500 мянган төгрөг байдаг. Мэргэжлээсээ шалтгаалаад илүү цагаар ажилладаг, хичээлийн хэрэглэгдэхүүнийг хувийн мөнгөөр авдаг гэх мэт асуудлуудаас үүдэж тэдний хөдөлмөрийг хэтэрхий багаар үнэлж байгааг хэлдэг.
Үүнийхээ хүрээнд 2018.01.23 нд үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарч орон даяар ажил хаялт зарласан юм. Засгийн газрын зүгээс “Цалинг шат дараатай нэмнэ” гэж “амыг нь боогоод” одоо болтол нэг ч төгрөг нэмээгүй байна. Тиймээс Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос мэдэгдэл хийж, 9 сарын 1-д ажил хаяна гэсэн багш нар олон байгааг хэллээ.
Энэ талаар Багшийн цалин нэмүүлэх түр хороо ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа ярихдаа “Баш нарын ажил хаях хөдөлгөөн дэргэдээ ТББ байгуулж ажиллаж байгаа. Энэ хичээлийн жилийн эхний өдрөөс ажил хаяъя гэсэн санал багш нараас их ирж байгаа. Тиймээс бид 8 сарын 8-нд үйлдвэрчний хорооны удирдах зөвлөлөөрөө хуралдаад сүүлийн шийдвэрээ гаргана. Төрийн зүгээс ОУВС-ийнхан зөвшөөрвөл цалин нэмнэ гэсэн бөөрөнхий хариулт хэлсэн. 2018 оны 4-р улирлаас бага хэмжээгээр нэмнэ гэсэн сураг төдий зүйл байгаа. энэ бүх зүйлийг тодорхой болгомоор байна” гэсэн юм.
Багш нар цалингаа их болгоё гээгүй, хөдөлмөрөө шударга үнэлүүлье гэсэн санаагаар ийнхүү тэмцэж байгааг мөн хурлын үеэр онцоллоо. Хөгжлийн хамгийн чухал салбар болох боловсролын салбарын гол боловсон хүчний 400 мянган төгрөгийн цалин хаанаа ч хүрдэггүй. Ихэнх нь зээлэндээ төлөгдөж гар дээр 60 мянган төгрөг авдаг байна. Нийт багш нарын 90 хувь нь яг ийм цалинтай гэж тус ТББ-ын гишүүд ярьж байсан юм. Харин гадны орнууд тухайлбал Англид 3000-4000 долларын цалин авдаг байна. Ингэснээрээ тус салбараар дамжиж, сурч хөгжиж буй хүүхдүүдийнэ сурлагын чанарт ч нөлөөлдөг байна.
О.НАНСАЛМАА