Ажилтан нь харамсалтайгаар тэнгэрт халихад дарга нь гараа даллаад, инээгээд зогсож байх...энэ хэр ёс зүйтэй үйлдэл вэ?
Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд асан, олон түмэнд шилэн Цогоо нэрээрээ алдаршсан Б.Цогтгэрэл өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тэрээр хариуцаж явсан яамных нь үүдэнд, хариуцаж явсан албан хаагч нь бусад албан хаагчдадаа зодуулж, амиа алдчихаад байхад инээмсэглэсээр гараа даллан явж одов. Ингэхдээ бүр Залуу хүний зам урт, хорвоо дэлхий уужим гэх мэт ерөөс сэтгэл эмзэглээгүй байдалтай дараах зургийг өөрийнхөө твитер хуудсанд жиргэжээ.
Энэ нь талийгчийн ар гэрт хэрхэн тусахыг анзаарч бодоогүй алхам уу, эсвэл...?
Нэг хүн тэнгэрт хальж байхад нэг нь ажлаа өглөө гээд төрийн ордонд “гэрийнхээ хувцастай” гүйж байх. Төрийн албан хаагчийн ёс зүй хаана байна вэ?
Тэгвэл үүнтэй ижил хүний амь яригдсан асуудал.
Өнгөрөгч хагас сайн өдөр буюу энэ сарын 11-нд Чингэлэг зөөх явцад өргөгч автокраны тросс тасарсны улмаас "Хурд" группийн барилгын туслах ажилтан 17 настай "У" толгойдоо цохиулан амиа алдсан юм. Энэхүү харамсалтай хэрэгт Барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Түмэндэлгэр” компанийн захирал н.Батхишиг "Барилгын газар дээр гэнэтийн осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд талийгаачийн төрөл садан, ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйж байна” хэмээн хэвлэлийн хурлаар дамжуулан албан ёсоор уучлалт гуйв. Хэвэлэлийн хурал дээр ирсэн бүх ажилчид нь мэхийн уучлалт гуйж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн нь хүний ёс зүйг эрхэмлэснийх байлаа. Хүүгийн ар гэрийхний сэтгэлд ч нэмэртэй байсан болов уу.
Нэг нь төрийн өндөр тушаал хашигч, нөгөө нь хувийн компани. Үрэгдсэн хоёр амьны үнэ цэн яг ижил. Гэтэл төрийн албан хаагч уучлалт эрсэнгүй харин ч “Би эргэж ирнэ. Ёс зүйтэй төрийн төлөө ажиллана” гээд явж одсон нь өөрөө ёс зүйтэй үйлдэл мөн үү.
Энэ асуудлыг суудлаасаа сугарсан нэрээр л шийдчихэж болох уу.
О.НАНСАЛМАА