21 дэх удаагийн БНСУ, БНАСАУ-ын садан төрлүүдийг уулзуулах үйл ажиллагаа 20-нд Солонгосын Гюмганд боллоо. БНСУ-ын 89 иргэн 70 шахам жил уулзаж учраагүй садан төрөлтэйгээ уулзацгаасан байна.
БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Же Ин мөн өдөр БНСУ садан төрлүүдийг уулзуулах асуудлыг илүү зоригтой шийдэж, уулзах үйл ажиллагааг тогтмол, өргөн цар хүрээнд хөгжүүлэх зорилт тавих хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
Тус үйл ажиллагааг зохион байгуулахдаа хоёр ээлжээр уулзсан бөгөөд, нэгдүгээр ээлж нь гурван хоногт 6 удаа уулзаж, нийт 11 цаг хамт байсан байна. Эхний уулзалтад оролцсон хүмүүс 22-ны өдөр нутаг буцах бол, 24-26-ны өдрүүдэд хоёр дахь ээлжийн уулзалтыг зохион байгуулах ажээ.
Мүн Же Ин хэлэхдээ : "БНСУ-ын 56 мянган иргэн уулзах боломж олдоогүй байна. Би өөрөө ч гэсэн салж сарнисан иргэдийн хойч болохоор ард иргэдийнхээ зовлонг ойлгож байна. Ойрын 5 жилийн байдлаар 3600 иргэн садан төрөлтэйгээ уулзаж чадахгүйгээр хорвоогийн мөнх бусыг үзэж байна. Тэд БНАСАУ-д төрөл садантайгаа амьддаа уулзаж чадахгүй хорвоог орхиж байгаад БНСУ, БНАСАУ-ын засгийн газар харамсаж байна, цаашид бид тэднийгээ удаан хүлээлгэхгүй гэжээ.