Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төгрөгийн ам доллартай харьцах ханш 37.5 хувиар өссөн байдаг. Гэвч төрийн албан хаагчдын цалин нэг төгрөгөөр ч нэмээгүй юм. МҮЭХ-ны зүгээс багш эмч нарын цалинг нэмүүлэх жагсаал цуглааныг олон удаа зохион байгуулж ирсэн байдаг. Үүний үр дүнд Засгийн газар өнгөрсөн хавар багш нарын цалинг нэмэгдүүлэх нэр зүүж, урамшууллын 300 мянган төгрөгийг бүх багш нарт олгохоор болсон юм. Энэ мөнгө нь угаас олгодог л байсан зүйл. Байдаг зүйлийг шинээр хийсэн мэтээр харуулчихаад, өнөөдрийг хүртэл багш нарын гар дээр нэг ч төгрөг тавиагүй байгаа нь харамсалтай.
Тэгвэл өчигдөр засгийн газрын гурван талт хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг найман хувь нэмнэ гэсэн шийдвэр гаргасан. Энэ нь бодит үнэн дээрээ аль хавар олгоно гэсэн урамшууллаа цалин гэх нэрийдлээр олгож байгааг МҮЭХ-ныхон хэллээ.
Төгрөгийн ханш, хэрэглээний үнийн индексийг ийнхүү унасныг тооцож МҮЭХ-ны зүгээс дор хаяж 37 хувиар цалинг нэмэх хэрэгтэй гэв. Энэ талаар боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлүүд нэгдэж өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм.
Боловсрол салбарын ҮЭ:
Цалин нэмэх асуудлыг бид маш их хүлээсэн. Засгийн газрын зүгээс хэд хэдэн санал тавьсныг харгалзаж бид тэмцлийн хэлбэрээ зогсоогоод байсан. гэтэл хавар нь олгоно гэсэн урамшууллын мөнгөө намар нь цалин нэрээр олгохоор болсон нь хүмүүсийг төөрөгдүүлж байна. Энэ нь бодитой нэмэгдэл ч биш. Тиймээс бид 9 сарын 3-наас эхлэн ажил хаялт зарлах болно.
Эрүүл мэндийн салбарын ҮЭ:
Сувилагч нарын цалинг 30 хувь хүртэл нэмнэ гэсэнд бид баяртай байна. Тэмцлийн үр дүн гарлаа. Гэхдээ бусад эмч нарын цалинг шат дараатай нэмнэ гэсэн нь тодорхой бус байна. Хэзээ, хэдэн төгрөгөөр хэдэн удаа яаж нэмэхээ огт хэлээгүй. Бүх зүйлийг тодорхой болсны дараа тэмцлээ зогсооно.
Салбаруудын үйлдвэрчний эвлэлийн зүгээс ийм байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Харин одоо нэг тооцоо гаргая. Багш нарын дундаж цалин 500 мянган төгрөг гэж бодвол цалинг 8 хувиар нэмнэ гэж үнэн худал нь мэдэгдэхгүй шуурсан. Тэгвэл үнэхээр 8 хувиар нэмлээ гэж бодоход нэмэгдэл нь 40 мянган төгрөг. Үүнээсээ нийгмийн даатгал, орлогын албан татвар гэх мэтээр хассаар байгаад 32 мянган төгрөг гар дээрээ авна гэсэн үг. Тэдэн хувиар нэмнэ гэдэг үгний цаана ийм тоо харагдаж байна. Гэвч өнөөдөр сарын цалин нь 30 мянган төгрөгөөр нэмэгдээд амьдрал нь хэр дээшлэх вэ. Бодит орлого байж чадах уу? магадгүй энэ асуултад Сангийн яам, эсвэл ЗГ-ын гурван талт хуралдаан хийсэн эрхмүүд хариулт өгөх болов уу.
О.НАНСАЛМАА