УИХ-ын гишүүн Л.Энхболд өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшил талбайгаас олборлосон нүүрс дутсан гэх мэдээллийн талаар тайлбар хийв.
УИХ-ын гишүүн Л.Энхболд ярихдаа, “Таван сарын өмнө миний бие энэ асуудлыг олон түмэнд хүргэж байсан. 268.3 мянган тонн нүүрс Монголын ард түмний өмчөөс алга болжээ гэдэг нь өнөөдөр нотлогдож байна. Харин үүнийг хэн гэгч этгээд төлөх ёстой вэ, буруутай эзэн нь хэн бэ гэдгийг Хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох ёстой. Хэргийг эцэслэн тогтоолгохын тулд Засгийн газраас холбогдох яамд буюу хууль хяналтын байгууллагад шийдвэрлэхийг үүрэг болгосон.
Нүүрс алдагдсан асуудлаар Ерөнхий сайд Засгийн газарт чиглэл өгч Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсэг байгуулагдсан. МХЕГ, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газар зэрэг байгууллагууд хамтарч ажилласан. Харин өнөөдрийг хүртэл Авлигатай тэмцэх газар ахицтай зүйл хийсэнгүй. Тиймээс АТГ-т ажлаа сайн хийгээчээ гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлмээр байна.
Юуны өмнө нүүрс тээвэрлэлтийн автомашин 446 удаа хил рүү хоосон гарсан гэх мэдээллийг Хууль, хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. 35 мянган машин хилээр гарсан бол 3 сая тонн нүүрсний асуудал яригдахаар байна. Тээвэрлэгч машинууд 80-125 мянган тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай гэдэг. Магадгүй хилээр 35 мянган удаа гарсан автомашин нүүрстэй байсан бол нэг машин дунджаар 90 мянган тонн гэж тооцвол нийтдээ 3 сая гаруй тонн нүүрсний асуудал хөндөгдөхөөр байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгасан дүгнэлтээс харахад "Эрдэнэс тавантолгой"-н тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 268.3 мянган тонн нүүрс биш 340 мянган тонн нүүрс алдагджээ. 340 мянган тонн нүүрсний ангилал алга. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 25 сая ам. доллар буюу 60 тэрбум төгрөг монголын ард түмний халааснаас алга болсон гэсэн үг.
Харин Гаалийн ерөнхий газрын шалгалтын дүнд эх үүсвэргүйгээр гарсан 390 мянган тонн нүүрс ямар компаниар дамжив гэдгийг онцолжээ. Үүнд дурдсанаар орон нутгийн “Тавантолгой” компаниас 206 компани гэрээлэн нүүрс дамжуулан борлуулдаг. Дээрх компаниудын нэг "Тавантолгой транс" компани 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр хилээр нэвтрүүлсэн. Энэ нь аль нэг аж ахуйн нэгжээс нүүрс худалдаж авсан гэх санхүүгийн баримтгүй байжээ. Гэтэл "Тавантолгой транс" компанийн санхүүгийн тайланг шалгах гэхээр үерт автсан гэх мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр нэг аж ахуйн нэгж бүхэл бүтэн ард түмнээр тоглож, доромжилж болохгүй ээ. Тиймээс хууль хяналтын байгууллагууд хуулиа сахиулж ажиллах ёстой" гэв.
Б.ХУЛАН