Нийслэлийн засаг даргаар ажиллаж, намын даргын үүрэг гүйцэтгэгч хийж байх үедээ нийслэлийн намын хорооны гишүүдээр өөрийгээ хүрээлүүлж, дэмжлэг авч чадаагүй Су.Батболдыг нийслэлийн засаг даргаас нь "авч хаях" тухай асуудал дээр дооргүй газар авсан байна. Ялагдсан түүнд өөрийнх нь бүлгийн 32 гишүүн, дээр нь Нийслэлийн ИТХ-ын гишүүд ч тааламжгүй хандах болсноо илэрхийлж эхэлжээ. Түүнийг гуравхан саналаар давж МАН-ын Нийслэлийн намын хорооны тамгыг гартаа атгасан Сумьяабазар болон түүний нөхөд хэнээр Батболдыг орлуулахаа хараахан эцэслэн шийдээгүй аж.
Сумьяабазар УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд гээд давхар дээлтэй учир өөрийнхээ өмнөөс хэн нэгнийг санал болгох нь тодорхой болж байна. Хамгийн боломжит нэр дэвшигчийн нэг бол Амарбаясгалан байдаг. Гэтэл тэр бас МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байдаг нь саад болоод байдаг. Дээр нь намын төв штабаас түүнийг холдуулах хүсэл сонирхол У.Хүрэлсүхэд алга. Ямар ч гэсэн Су.Батболдын Засаг даргаар ажиллах хугацаа хөгшин хонины насыг гүйцэхээ нэгэнт больжээ.
О.НАНСАЛМАА