Дархан аварга Б.Бат-Эрдэнэ (МАН), ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар (АН), ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр- Ян, аймгийн засаг дарга асан Ц.Жаргал ( МАХН ) нарын зэрэг хүдэр эрчүүд 2016 оны сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшихээр биеэ бэлдэж байна.
Дээр нь, УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар, Д.Арвин (АН) нар бас дэвшинэ. Том биетэй, том албан тушаалтай хүмүүсийн хооронд томоохон мөргөлдөөн үүсэх нь гэж ажиглагчид харж байна. Хоёр мандаттай тус аймгаас Б.Бат-Эрдэнэ аварга (МАН), Д.Гарамгайбаатар (АН) нар 2012 онд сонгогдож, Б.Хүдэр-Ян (ИЗНН), М.Хүдэрбаатар (АН) нар бусдын хамт ялагдаж байсан. Энэ жил Б.Бат-Эрдэнэ аварга жагсаалтад орох, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба МАН-аас дэвших тухай ч яригдаж байна.
Ганц эмэгтэй нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн Д.Арвин байх магадлалтай. Тэрбээр Хэнтий аймагт БӨХИЙН ӨРГӨӨ, ХАТДЫН ӨРГӨӨ-г бүтээсэн. Өнгөрсөн сонгуулиар Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан түүнийг Хэнтий аймгийн зүг жолоо сунгана гэж ажиглагчид дүгнэж байна. Сонгуулийн хуулиар нэр дэвшигчдийн рейтинг хийж болохгүй учир, ийнхүү нэр дэвшигчдийг товч танилцуулах үлдлээ.
Тоймч Д.ЭНХТҮВШИН