Монголын сайд дарга нартай уулзаж, санал онолыг нь сонсож, цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ цоолсон Оросын БХЯ-ны сайд ажил хэргийн айлчлалаа БНХАУ-д үргэлжлүүлж байна. ОХУ-БНХАУ-ын цэрэг зэвсэг, техникийн асуудал хэлэлцэх хоёр улсын Засгийн газар хоорондын 23 дахь удаагийн комиссын хуралд тэрбээр ОХУ-ын Засгийн газрыг төлөөлөн оролцож байна. Хятадын ард түмний хөшөөнд цэцэг өргөснөөр хоёр улсын Засгийн газар хоорондын 23 дахь удаагийн комиссын хуралдааныг тэрбээр эхлүүлсэн байна. Хятадын талаас Бүх Хятадын төрийн зөвлөлийн орлогч дарга Юанг Ча оролцож, БНХАУ-ОХУ-ын цэрэг зэвсэг, техникийн хамтын ажиллагааны тайлан болон ойрын жилүүдэд шинээр эхлүүлэх хамтарсан төслөө хэлэлцсэн гэж Оросын "Вести" мэдээллийн хөтөлбөр мэдээллээ. Харин Шойгугийн Монголд айлчилсан талаар одоохондоо мэдээ мэдээлэл цацагдсангүй.
Орос-Хятад орны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд урьд хожид үзэгдээгүйгээр сайжирсан. Тэр дундаа цэрэг зэвсэг, техникийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан. Манай хоёр улс Сири, Ливийн асуудал, Ойрхи Дорнодын асуудлаар ч байр сууриа нэгтгэнэ. Евро-Азийн цэрэг зэвсгийн хамгийн том хүчирхэг сүлжээ, хамтын ажиллагаа тогтсон гэдгийг Шойгу сайд, Ючанг нар хоёр улсын Засгийн Газар хоорондын комиссын 23 дахь хэлэлцээрийн үед онцлон тэмдэглэлээ.
Ц.ХИШГЭЭ