2019 ОНЫ ТӨСВӨӨ СӨРӨГ ХҮЧИНГҮЙГЭЭР БАТЛАВ

2018-11-05  

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2019 оны Төсвийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталлаа.  Ирэх оны төсөв хэлэлцүүлгийн явцад нэлээд хэл ам дагуулсан.  Тойргийн мөнгө хуваарилалт, Ерөнхийлөгчийн төсвийг танасан байдал гээд улс төрийн хүрээнд асуудал олон байлаа.

Сангийн сайдын оруулж ирсэн өөдрөг төсөөлөл эдийн засагт бодитоор тусахгүй гэсэн шүүмжлэл ч гараад байна. Гэсэн ч Засгийн газрын тэргүүн, Сангийн сайд зүтгүүлсээр ирэх оны төсвөө батлуулав. Ирэх оны төсвийн төслийн орлогыг 9.676.5 тэрбумаар, зарлагыг 11.589.8 тэрбумаар тооцож оруулж ирсэн. Харин УИХ-аас Монгол Улсын төсөвт 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7.353.673.5 сая төгрөгөөр баталлаа. Харин Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 9.406.581.7 сая төгрөгөөр батлав. Ирэх жилийн төсвийн алдагдал 1.9 их наяд бөгөөд үүнийг хаанаас олохыг одоогоор таашгүй. Ямар ч байсан ЖДҮ-ийн зээлийн дуулианы хажуугаар ажил хаялт зарласан АН-ыг улс төрийн акц явуулж байх хойгуур эрх баригч намын олонх нь дэмжиж 2019 оны төсвөө баталлаа. 

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр ерөнхийдөө санал хэлэх гишүүд санасныг бодоход цөөхөн байсан гэж хэлж болно.  Намын дарга нь МАН-ын бүлгийн хурал дээр “Ирэх оны төсвийг энэ хэвээр нь явуулна.  Эсэргүүцэх зүйл байхгүй шүү” хэмээн зарлигдсаныг МАН-ынхан нэг удаадаа ёсоор болгов. Ирэх онд хүүхэд хамгаалалд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6 тэрбум, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая, Улсын Их Хурлын Тамгын газрын урсгал зардлыг 3.050 сая, Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг найман тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Мөн Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөн олговрын санхүүжилтэд таван тэрбум, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум  төгрөгийг нэмж тусгаж баталлаа.  Түүнчлэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг олгох нь зүйтэй гэж үзэж нийт 189 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хуваарилах юм байна. Иймээс орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар тусгасан эх үүсвэрээс 180 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлж, зарим орон нутагт хийх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 1.553.399.2 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессийн төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 144.699.2 сая төгрөгөөр батлав.

Мөн Засгийн газар 2019 оны төсвийн жилд шинээр хийх зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг 2.169.099.9 сая төгрөг байхаар баталлаа. Ийнхүү УИХ 2019 оны төсвийг нэлээд өөдрөгөөр төсөөлж баталсан.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫГ ТАРААХ НЬ ЗӨВ ҮҮ ?