Монгол улс дампуурлын ирмэгт ирсэн. Н.Энхбаяраар эхэлж, С.Баяраар үргэлжилж, Ч.Сайханбилэгээр дамнаж, У.Хүрэлсүхээр өрнөж буй энэ дампуурал хаа хүрч зогсохыг мэдэх хүнгүй болсон. Тэнд ерөнхийлөгч Баттулга гар мухардаж, энд ерөнхий прокурор Энх-Амгалан хүчгүйдэж, тэнд иргэд бухимдаж, нийгмийн хямрал болон давлагаалах чимээ наашилж байх шиг. Тэр тусам Төрийн түшээ гэж өөрсдийгөө дээдэлсэн УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний давхар дээлээр зузаалж, нам ялгалгүй уралдаж идэж, булаалдан зодолдож буй нь ил гарч эхэллээ. Шударга ёс алдагдаж, ёс зүйгээ уландаа гишгэсэн гэдгийг 2019 оны улсын төсвийг хэрхэн зохиож, хэрхэн баталсан нь харууллаа. Гишүүд тойрог бүртээ 8 тэрбумыг хуваарилуулж, аймаг аймагт нь төсвийг задгайгаар тусгалаа. Хөгжлийн биш, сонгуулийн төсөв гэдгийг шударга гишүүний нэг Нарантуяа шүүмжлээд шүүмжлээд дийлсэнгүй. Төсвийг ингээд "идчихдэг " юм байж. Гэтэл төсвөөс гадна, бүхий л сангаас олгох зээлийг тэд мэдэлдээ авсан нь зөвхөн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Сангийн үйл ажиллагааг өнгөц шалгахад илэрлээ.
Энэ санг эрхэлдэг ХХАҮЯ-ны сайд Батзориг, Зам тээврийн сайд Содбаатар, нэжгээд гишүүд энэ хэрэгт орооцолдож, эхнээсээ хариуцлага хүлээх болов. Сайд нараас Байгаль Орчны сайд Цэрэнбат ч бусад сангуудаас ихээхэн хэмжээний зээл авсан гэх шинэ мэдээлэл цухалзаж эхэллээ.
Тэгэхээр зээл олгодог 29 сангийн үйл ажиллагааг ч ард иргэдийн хяналт, оролцоотойгоор шалгаж, ил болгох цаг болжээ. Шалгалт гэснээс шалгалтыг аргалдаг, хамгаалдаг, хуулиар хориглодог байдал энэ завхралыг гүнзгийрүүлсэн байна гэж дүгнэхэд эртдэхгүй. Сүүлийн жишээ гэхэд л, Монгол банкны шалгалтаар Хөгжлийн банкийг "идсэн" хүмүүсийн нэр тодорлоо.
Тэр "антибаатрууд" болох АН-ын үеийн сангийн сайд фортуна хочит Батбаяр, хотын дарга, улсын баатар Э.Бат-Үүл, Эрчим хүчний сайд О.Сономпил, Төрийн өмчид орон сууцны корпорацын захирал Гантулга, Барилга Хот байгуулалтын сайд, МАХН-ын зүтгэлтэн Баянсэлэнгэ нар Хөгжлийн банкны 6 их наяд төгрөгөөр мөн л тоглосон гэх мэдээлэл бий.
Хөгжлийн банкнаас олгосон 6 их наяд төгрөгийн 70 хувь буюу 4,2 их наяд нь буцаан төлөх найдваргүй гэсэн дүгнэлт гарчээ. Ингэж л улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөөр дээрхи улс төрчид " тогложээ". Тэгвэл Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг хувьдаа авсныг, хувийн компанийн 190 км зам, "Сахал" хочит Эрдэнэбилэгийн 30 км замыг улсын төсвийн мөнгөөр худалдан авсан, Багануурт Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг алдагдуулсан Цахилгаан станц бариулах шийдвэр гаргасан нь ЖДҮДС-ийн хажууд ноцтой гэм хэрэг гэдгийг ч Батзандан гишүүн чуулганы танхимд сөхлөө. Эрх мэдрэлтүүд сүүлийн 20 гаруй жил улс орныг хөгжүүлэхэд ухаанаа уралдуулсангүй. Харин улс орны баялгийг цөлмөх,өөрсдийн өвөр түрийгээ түнтийлгэхэд ухаанаа уралдуулж, ёстой л " уралдаж хулгайлж, өрсөлдөж луйвардсан" нь захаасаа илэрч байна. Энэ нэрсийн жагсаалт хэр урт үргэлжлэхийг шалгалтын дүн тун удахгүй тогтооно.
Ц.ЭНХБАТ