Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаан өнөөдөр болж нийслэлийн 2019 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталлаа. Хуралдаанаар ирэх онд нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 725.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 273.0 тэрбум төгрөг байхаар тусгаж, улсын төсөвт 289.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр баталсан байна.
Мөн нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх зардалд 3 тэрбум төгрөг тусгасныг ИТХ дахь МАН-ын бүлэг 2.5 тэрбум төгрөг болгож бууруулах санал гаргасныг дэмжив. Мөн Нийслэлийн орон сууцны хөтөлбөрт туссан 10 тэрбум төгрөгийг 4 тэрбум болгон бууруулах МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн юм.
Төсөв батлахын өмнө нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга, Төрийн сан болон төсөв хариуцсан албан тушаалтнаас төсөлд оруулж буй өөрчлөлтүүд нийт төсвийн орлого, зарлагын хэмжээнд нийцэж байгаа, эсэхийг лавлажээ. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хариулахдаа “Төлөлөөгчдийн хэлэлцэж байгаа орлогын өөрчлөлтүүд нь балансаа барьж байгаа, ямар нэг байдлаар зөрүү үүсэхгүй” гэлээ.
Нийслэлийн төсвөөс 2019 оны Улсын төсөвт шилжүүлэх орлогын хэмжээг 289.1 тэрбум төгрөг байхаар тогтоолд тусгалаа.