Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, О.Баасанхүү, Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг болон БОАЖЯ, ЗТХЯ, ИНЕГ, ГХЯ-ны төлөөлөл багтаж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдад Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Т.Маэа бараалхаж хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээ илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзахаар төлөвлөжээ. Тэд хоёр улсын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр дүнг дүгнэх бөгөөд ОУВС-гийн ээлжит санхүүжилтийг мөн шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Албан ёсны хэлэлцээ Япон улсын Ерөнхий сайдын ордонд болж, дараа нь Ерөнхий сайд нар хэвлэлийн мэдэгдэл хийх юм байна. Монгол, Япон хоёр улс нь 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Азийн улс орнуудын хувьд Монгол, Японы хооронд олон жилийн найрамдалт харилцаа тогтож, улам өргөжин тэлж, шинэ түвшинд хүрсээр байгаа юм.
Өнөөдрийн байдлаар хоёр улс “Стратегийн түншлэл” хөгжүүлж байна. Монголын талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014, 2015 онд, УИХ-ын дарга З.Энхболд 2015, 2016 онд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 онд, Ч.Сайханбилэг 2015 онд, Ж.Эрдэнэбат 2016 онд тус тус Япон Улсад айлчилсан. Мөн Гадаад харилцааны сайдын түвшинд сайд Л.Пүрэвсүрэн, Ц.Мөнх-Оргил нар 2016 онд тус тус Япон улсад айлчилж байжээ. Хоёр талын харилцааны гол механизм нь Засгийн газар хоорондын Комисс, Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт, ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалт зэрэг юм. Японы Засгийн газар нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2018 оны эхний хагас жилд 34 сая ам.долларын туслалцаа үзүүлжээ.
Түүнчлэн хоёр орны Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд дан ганц уул уурхайгаар бус хөдөө аж ахуй аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэхээс гадна Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэж эхэлсэн. Эхний 200 оюутан Японд инженерийн чиглэлээр суралцаж байна.