Өнөөдрийн засгийн хуралдаанаар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, Докторын зэрэг, профессорын цолны нэмэгдэл, Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл, Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл олгох журмыг тус тус баталлаа.
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо ажилласан хугацааг нь харгалзан албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодно.
Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг 6-10 жилд 5 хувь, 11-15 жилд 10 хувь, 16-20 жилд 15 хувь, 21-25 жилд 20, 26 ба түүнээс дээш бол 25 хувийн нэмэгдэл олгох юм.
Мөн ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажилласан, нийтээр амрах баярын өдрүүд, бямба, ням гарагт ажилласан албан хаагчийг нөхөж амруулаагүй бол нэмэгдэл хөлс олгож байна. Төрийн үйлчилгээний албан хаагчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон нэмэгдэл хөлс олгох журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм.
Бусад журмыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр Засгийн газар шийдвэрлэлээ.