-Энэ нөхөн сонгууль бол улс төрийн ямар ч ач холбогдолгүй гэж МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл харин хэлж, намынхаа болон өөрийн байр сууриа илэрхийлсэн.
МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнө нь дэвшихгүй гэдгээ илэрхийлж байсан. Үүнээсээ болж шүүмжлэлд өртсөн тэрбээр тухайн үед баримталж байсан байр сууриа өөрчлөхийг үгүйсгэхгүй. Нөхөн сонгуульд дэвшвэл түүний ялах магадлал өндөрссөн. Тэр нэг жилийн өмнөх Хүрэлсүх биш болсон.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуулийн суудал онгойхыг туйлаас хүсэж хүлээж байсан цорын ганц хүн гэж хэлж болно. 2016 онд УИХ-д нэр дэвшүүлэлгүй хассаны "реванш" авахыг тэр хүсэж буй. Хэдхэн сарын өмнө нөхөн сонгууль болсон бол тэр ялах байсан. Нөхөн сонгуульд зориулж тойрогтоо ч ажилласан. Гэхдээ одоо бол нөхцөл байдал өөрчлөгдсөн.
Харин АН, намын дарга С.Эрдэнийн хувьд энэхүү нөхөн сонгуульд ач холбогдол өгөхөөс өөр аргагүй болсон. Батзанданг намаас хөөснөөс болж, Лу.Болд намаас гарах өргөдлөө өгсөнөөр АН УИХ-д бүлэггүй болох бодитой аюул заналхийлсэн. УИХ-д улс төрийн нам бүлэгтэй байснаар намын байр суурь илэрхийлэх, бүлэг завсарлага авах, чуулганы хэлэлцэх асуудалд санал оруулах, түүнийг батлах эрх үүргийг эдэлдэг. Тэгвэл бүлэггүй болсноор энэ бүх эрхээ алдах дээрээ тулсан. Тэд нөгөө Жавхлан, Баасанхүүгийн хэмжээнд унах дээрээ тулсан. Тиймээс Лу.Болдыг аргацаахын оронд нөхөн сонгуульд ялалт байгуулж чадвал УИХ дахь бүлгээ хадгалах юм.
Тиймээс АН-ын нөхөн сонгуульд оролцох байр суурь өмнөхөөсөө өөрчлөгджээ. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярт сайн, муу нөлөө үзүүлэх магадлалтай хэмээн улс төр шинжээчид дүгнэлт хийж эхэллээ.
Ц.ХИШГЭЭ