Дэлхийн алдарт "Шанель" брэндийн домогт дизайнер Карл Лагерфельд өчигдөр өвчний улмаас таалал төгслөө. Тэрбээр сүүлийн 35 жилийн туршид "Шанель"-ийг удирдсан бөгөөд түүнээс өмнө Италийн Fendi брэндийн бүтээлч захирлаар, мөн Chloe брэндийн ерөнхий дизайнер, өөрийн нэрийн Karl брэндийг удирдан авч явж байсан юм.
86 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тэрээр 1983 оноос хойш тус брэндийн чиг хандлагыг төдийгүй дэлхий дахины загварын чиг хандлагыг тодорхойлж байсан нэгэн гэхэд хилсдэхгүй.
Дэлхийн нэрт дизайнерууд түүнээс суралцаж үлгэр жишээгээ болгож явдаг байсан бөгөөд ердөө хар цагаан өнгийг хооронд нь төгс зохицуулж чаддаг байсан, хар нүдний шил, савхин бээлий, сонгодог хослолоо Лагерфельд амьдралынхаа эцсийн мөч хүртэл үнэнчээр авч үлдсэн гайхамшигт нэгэн гэдгээрээ тун ч алдартай нэгэн билээ.
Амьдралынхаа 70 жилийг зөвхөн загварт зориулсан тэрээр өнгөрсөн жил "Шанель" брэндийг хамгийн анхны амьтны үс, арьс хэрэглэхээс татгалзсан өндөр зэрэглэлийн брэнд болгож чадсан бөгөөд үүгээрээ олон ч хүний талархлыг хүлээгээд байсан нэгэн. Лагерфельд 1933 оны есдүгээр сарын 10-нд Хамбургт лаазалсан молоко буюу өтгөрүүлсэн сүүний үйлдвэрлэл эрхэлдэг Отто Лагерфельдийн гэр бүлд мэндэлжээ. Герман гаралтай Лагерфельд Парист Монтенийн лицейг зураач, түүхч мэргэжлээр төгссөн эгэл жирийн амьдралын нэгээхэн хэсгээс дэлхийн хүн болсон түүхтэй билээ.
Нэг ч удаа гэрлэж байгаагүй тэрээр хайртай муур Шупеттийн хамтаар амьдардаг байсан бөгөөд хамгийн дотны хүн нь түүний бие хамгаалагч Себастьян Жондо байсан аж. Хамгийн хачирхалтай нь тэрээр өөрийн хөрөнгийг өөрийн цор ганц хайртай амьтан муур Шупетдаа гэрээслэн үлдээжээ.
О.НОМИН